Цусны үүдэл эсийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт амжилттай хийжээ. Уг эмчилгээг Монголд анх удаа хийсэн нь энэ аж. 23 настай залууд төрсөн дүүгийнх нь үүдэл эсийг шилжүүлэн суулгасан бөгөөд өвчтөний биеийн байдал сайн байгаа гэнэ. Эл технологийг нэвтрүүлэхийн тулд Эрүүл мэндийн яамнаас 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, шаардлагатай тоног төхөөрөмж суурилуулж, химийн эмчилгээнд бэлдэхэд шаардлагатай тасаг ч байгуулжээ. “Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлэх төслийг 2011 оноос эхлүүлсэн. Үүний үр дүнд донороос өвчтөнд анх удаа цусны үүдэл эс шилжүүлэн суулгалаа. Энэ нь генетик, молекулын, биологийн зэрэг олон арга технологи шаардсан эмчилгээний нарийн төрөл. Үндсэндээ тухайн хүнийг дахин амьдруулсан гэж үзэхүйц мэс засалд тооцож болно” хэмээн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирал Б.Хишигжаргал хэлэв.
Монголд эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад эл мэс засал багтаж байжээ. Өөрөөр хэлбэл, иргэд өмнө нь уг эмчилгээг гадаадад өндөр зардлаар хийлгэдэг байсан аж. Сүүлийн таван жилд гэхэд 21 иргэн уг эмчилгээг хийлгэхээр гадаадын орныг зорьжээ. Цусны цочмог явцтай хавдрын үед энэ мэс заслыг хийлгэх заалттай юм байна. Манай улсад 2017-2018 онд жилд 20-23 хүн ийм өвчнөөр оношлогдсон байна. Харин сүүлийн үед жилд 50-60 хүн уг хавдраар өвчилсөн нь батлагджээ. Өвчилсөн иргэдийн олонх нь 18-35 насныхан гэнэ.
Бэлтгэсэн М.Оч