Их Британийн төрийг 70 жил тэргүүлсэн хатан хаан II Елизабета 96 насандаа таалал төгсөж, түүний ууган хүү Чарльз 73 насандаа хаан ширээг нь есдүгээр сарын 8-нд албан ёсоор залгамжлав. Ийнхүү тэрбээр Австрали, Антигуа ба Барбуда, Багамын арлууд, Белиз, Гренада, Канад, Шинэ Зеланд, Папуа-Шинэ Гвиней, Сент-Винсент, Соломоны арлууд, Тувалу, Ямайк зэрэг 14 улсын төрийг давхар тэргүүлэх боллоо.
Хунтайж Чарльз Филипп Артур Жорж 1948 оны арваннэгдүгээр сард Букингемд төржээ. Хатан хаан тэгэхэд хуримаа хийгээд нэг жил л болж байж. VI Георг хааны анхны зээ нь Чарльз юм. Тэгээд ч тэр үү, түүнийг мэндэлсэнд зориулж, их буугаар 41 удаа буудсан гэдэг. Вестминстерийн гол сүмийн хонхыг бас 5000 удаа дуугаргасан юм гэнэ лээ. Ийн сүр дуулиан болж төрсөн хүү гурван нас, гурван сартайдаа 1952 оны хоёрдугаар сард Британийн хаан ширээг залгамжлагчаар өргөмжлөгдсөн байна. Энэ нь VI Георг хаан өөд болж, II ВесЕлизабета ширээнд заларсны дараа болсон үйл явдал. Чарльз доороо Анна, Эндрю, Эдвард гэдэг гурван дүүтэй.
5-8 насандаа гэрээр хувийн багшаар заалгаж анхан шатны боловсролтой болж, улмаар дунд сургууль төгсөөд сурлагаар гийгүүлэхээр байгаагүй ч Кембрижийн их сургуульд орж 1970 онд нийгмийн ухааны бакалаврын диплом авав. Таван жилийн дараа тус их сургуулийн уламжлал ёсоор түүнд магистрын зэрэг олгожээ.
Чарльзад Уэльсийн хунтайжийн хэргэмийг 1958 онд долдугаар сард хүртээсэн ч II Елизабета хатан хаан хүүдээ титмийг нь 1968 оны долдугаар сард л зүүж өгсөн байна. Үүнээс хойш хунтайж Британийн нийгмийн амьдралд идэвхтэй оролцох болов. 1970-аад онд Лордуудын танхимын хуралд сууж, 300 жилийн түүхэнд Сайд нарын танхимын хуралдаанд оролцсон хааны гэр бүлийн анхны гишүүн болсон аж. Зарим мэдээлэлд дурдсанаар бол Чарльз Австралийн амбан захирагчийн сэнтийг сонирхож байсан гэх боловч энэ улсын Үндсэн хуулийн хямралаас үүдэн 1975 онд уг бодлоосоо татгалзахад хүрчээ. Чарльз 1971-1976 онд цэргийн алба хааж, сөнөөгч онгоцны нисгэгч, нисдэг тэрэгний жолоочийн дамжаа төгссөний зэрэгцээ флотод бас албатай байлаа.
1979 онд холын садангийн бүсгүй, домогт жанжин, Энэтхэгийн дэд вангийн ач охин Амандад сэтгэлээ илчилсэн боловч тэр эмэгтэй түүнтэй гэр бүл болохыг зөвшөөрсөнгүй. 1980 онд Спенсерийн найм дахь гүн Жон Спенсерийн охин Сара Спенсер гүнжтэй тааралдаж түүний дүү Дианатай танилцан, 1981 оны долдугаар сард гэрлэв. Тэр цагаас Диана гүнж Британид болон хилийн чанадад өндөр нэр хүндтэй, олны танил болжээ. Харамсалтай нь, тэд ханиа олоогүй бололтой, харилцаанд нь цав сууж, 1992 онд албан ёсоор тусдаа амьдарч байгаад 1996 онд хоёр тийш боллоо. Энэ явдал нийгмийн анхаарлыг үлэмж татаж, тэгснээр Чарльзын нэр хүндэд сайнаар нөлөөлсөнгүй. Диана гүнж 1997 онд Парис хотноо машины ослоор амиа алдав. Тэд 1982, 1984 онд төрсөн Уильям, Харри гэдэг хоёр хүүтэй байсан юм. Хунтайж Чарльз эртнээс нууц харилцаатай байсан Камила Паркер Боулзтай 2005 оны дөрөвдүгээр сард суув. Дианатай суухаас өмнө ч, суусан хойноо ч Чарльз түүнтэй уулзаж учирдаг байсан гэдэг. Тэдний гэрлэх ёслол Британийн хааны гэр бүлийн түүхэнд анх удаа сүмд биш иргэний журмаар болсон байна.
“Ковид-19” цар тахал халдварлаж эхэлснээс хойш удалгүй Чарльз 2020 оны гуравдугаар сарын эцсээр хөнгөн хэлбэрээр өвдөж, улмаар Камилла хоёул Балморал шилтгээндээ өөрсдийгөө тусгаарлаж, шинжилгээ хийлгэхэд Камилагийн хариу сөрөг гарчээ. 2021 онд эцэг Филиппээ насан эцэслэсний дараа түүний герцог, гүн, барон гэх бүх цол хэргэмийг Чарльз залгамжлан авч, эх II Елизабета хатан хааныг тэнгэрт дэвшихэд сая Британийн хаан боллоо. Тэрбээр III Карл гэх нэрээр хаан байхыг нь Ерөнхий сайд, хатагтай Лиз Трасс тэр өдөр нь (2022.IX.08) нь батламжилсан байна.
Хунтайж Чарльз өглөг буяны үйлсэд идэвхтэй агаад тэрбээр “Хунтайжийн сан”-г тэргүүлж ийм чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг 15 байгууллага үүсгэн бий болгожээ. Хүрээлэн буй орчин, хот суурин газрын ахуйн нөхцөлийг сайжруулахад ихээхэн хичээл зүтгэл гаргадаг нэгэн юм. Тэрбээр барилга архитектур, уран зураг, цэцэрлэгжүүлэх чиглэлээр олон ном, экологийн сэдвээр баримтат киноны цөөнгүй зохиол бичжээ. Түүнчлэн үндэстний цөөнх, тоогоор цөөн ард түмний асуудлыг сонирхдог, судалдаг. Поло тоглодог, үнэг, загас агнах дуртай. Хааны гэр бүлийн гишүүний үүргээ биелүүлж, дэлхийн олон оронд очдог юм.
Хатан хаан Елизабетагийн 500 сая ам.доллароор үнэлэгдэх хөрөнгө III Чарльзад өвлөгдөн үлдэнэ. Үүнээс гадна Хатан хаан 2002 онд өөд болсон эхээсээ 70 сая ам.долларын уран зураг, маркийн цуглуулга, үнэт эдлэл, мал зэргийг өвлөн авчээ. Их Британийн хуулийн тусгай заалтын дагуу Хааны эдгээр хөрөнгө татвараас чөлөөлөгдөнө.
1701 онд бий болгосон хаан ширээ залгамжлах тухай Актын дагуу шинэ хаан талийгаач эзний орыг шууд өвлөн авдаг. Хатан хаан II Елизабета 2022 оны есдүгээр сарын 8-нд Шотландын Балморал шилтгээнд амьсгал хураасан тэр өдөр хунтайж Чарльз “Хаан хэзээ ч үхдэггүй” гэх зарчмын дагуу суудалд нь суусан юм. Түүнийг хаан ширээнд ёсчлохоос өмнө III Карл нэрийг хэрэглэхгүй юм гэнэ гэх яриа гарсан. Гэлээ ч 2022 оны есдүгээр сарын 10-ны 10.00 цагт хаан суудал залгамжлуулах зөвлөл Лондоны Сент-Жеймсийн ордонд цугларч хунтайж Чарльз Филипп Артур Жоржийг III Чарльз нэрээр хааны суудалд нь залахаар шийдвэрлэв. Энд нэг зүйл тодруулахад оросууд III Карл гэж нэрлээд байгаа нь XVI зуунаас эхтэй уламжлалтай холбоотой юм билээ.
III Карл хааныг эхээсээ нэлээд өөр хүн гэлцдэг. Улс төр, нийгмийн аливаа асуудлаар түүн шиг уян хатан байж чадахгүй гэж шинжээчид үздэг юм. Төвийг сахих чадвар Британийн хаан ширээг залгамжлагчид байхгүй нь “Хар аалз” санамж бичиг гэж нэрлэдэг болсон Уэльсийн хунтайжаас Британийн тухайн үеийн Ерөнхий сайд Тони Блэр болон түүний танхимын гишүүдэд бичсэн захидлын эргэн тойронд үүссэн дуулиан шуугианы үеэр тов тодорхой харагдсан гэж үздэг. The Guardian сонин олон түмний сонорт хүргэсэн үг баримтаар бол Чарльз устаж үгүй болж байгаа загас, Иракт байгаа цэргүүдэд байлдааны хэрэгсэл захиалах ч юм уу, мал, амьтанд сүрьеэ өвчин тархахыг зогсоох... гэх мэт янз бүрийн асуудлаар Засгийн газрын гишүүд, улстөрчдөд нөлөөлөхийг оролдсон байна. III Карл хаан болоод энэ мэт бодол, хүслээ хянаж байх хэрэгтэй болно хэмээн улс төр судлаач Роберт Хейзелл үзэж байгаа юм. “Хаан улс төрийн бүхий л асуудлаар хатан хаан (II Елизабета) шиг яриангүй төвийг сахисан байр суурьтай байх ёстой. Ерөнхий сайдтай долоо хоног болгон уулзахдаа өөрийн бодлыг хэлэх боломж III Карлд олдоно. Тэр Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд зөвлөх, сайшаах, урьдчилан анхааруулж байх ёстой. Эсрэг тохиолдолд Үндсэн хуульт хааны төрийн тэргүүн ямар үүрэгтэй байдгийг Засгийн газар түүнд сануулж байх болно” гэж шинжээч хэлжээ.
2017 онд хэт хөрөнгөжсөн хүмүүс, түүний дотор улстөрчид, бизнесмен болон нэр алдартнууд оффшор бүсэд хөрөнгө оруулсан тухай ээдрээтэй нууцыг дэлгэсэн “Диваажингийн цаас” нэртэй баримт бичигтэй Чарльзын нэр холбогдов. Энэ нь Бермудэд бүртгэгдсэн компанийн тухай дурдсан хэрэг байлаа. Сэтгүүлчдийн эрэн сурвалжлах ажиллагааны дүнд Британийн хаан ширээг залгамжлагч цаг уурын талаар явуулж буй бодлогоо өөрчлөхийг дэмжихдээ өөрийн оффшор бизнесээр энэ өөрчлөлтөөс ашиг олох зорилготой байснаа нуусан байв. Цаашдаа хааны хувиар III Карл олон түмэндээ олигтойхон үнэлэгдэхээр байя гэвэл энэ мэт хэл амнаас хөндий байх учиртай гэдэгт ажиглагчид санал нэгтэй байгаа юм.