Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн хөдөлгөөн засалч нар алдагдсан чадварыг нь сэргээхээр хүүхдүүдтэй ажиллаж байна
Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хөдөлгөөн засалчаар ажилладаг С.Оюунбаатар “Намайг анх их сургуулиа төгсөж, ажлын байранд гарах үед хөдөлгөөн засалч хэмээх мэргэжлийн талаар хүмүүс төдийлөн мэддэггүй байлаа. Харин одоо их өөр болсон. Энэ нь нийгэмд зайлшгүй хэрэгтэй, эрэлттэй мэргэжил гэдгийг хүмүүс ойлгож, хүлээн зөвшөөрч эхэлсэн. Мөн холбогдох байгууллагууд энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд анхаарч, дэмжих болсонд баяртай байна. Цаашид мэргэжлээрээ ахиж дэвших илүү олон боломж нээгдэнэ гэж итгэж буй” хэмээн ярилаа. АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийг 2013 онд хөдөлгөөн засалчаар төгссөнөөсөө хойш 2019 он хүртэл ГССҮТ-д ажиллаж байгаад хоёр жилийн өмнө орон нутгийн эмнэлэг рүү шилжсэн тэрбээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ), Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд зохион байгуулсан “Хүүхдийн хөдөлгөөн засал, хөдөлмөр засал” цахим сургалтад хамрагдсан сэтгэгдлээ ийнхүү хуваалцсан юм.
Тус сургалт юугаараа онцлог, ач холбогдолтой байсан талаар түүнээс лавшруулан асуухад “Уг сургалтыг хоёр үе шаттай зохион байгуулж буйгаараа онцлог. Эхний шатны сургалтыг цахимаар явуулсан. Танхимаар буюу гардан заах сургалт нь тун удахгүй эхэлнэ. Онол, практик хосолсон учраас ач холбогдол нь тэр хэрээр өндөр. Сургалтад Австрали, Хонконг, Канад зэрэг хөгжингүй, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ өндөр түвшинд хөгжсөн орны хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, доктор, профессорууд урилгаар оролцож, сэргээн засах тусламж, үйлчилгээг хэрхэн үзүүлдэг туршлагаасаа хуваалцсан нь бидний хувьд том боломж байлаа. Бас нэг ач холбогдол нь тодорхой нэг чиглэлээр мэргэших боломжийг олголоо. Тухайлбал, хүүхдэд сэргээн засах тусламж, үйлчилгээг хэрхэн үзүүлэх, үнэлгээний аргуудыг яаж ашиглах вэ гэдгийг тодорхой кэйсүүдэд түшиглэн заасан” гэв.
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төсөл нь үндсэн таван бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх чадавхыг бэхжүүлж, институтчлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйлчилгээ болон орчны хүртээмжийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэднийг дэмжих стратеги боловсруулж, хэрэгжүүлэх зэрэг багтдаг. Эдгээрийн хүрээнд иргэдийн ойлголт, хандлагыг өөрчлөхөөс эхлээд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, томоохон бүтээн байгуулалт хийх зэрэг олон ажил хэрэгжүүлж байна. Харин хөдөлмөр засалч, хөдөлгөөн засалч, хэл засалч бэлтгэж, мэргэшүүлэх сургалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилтот ажлын нэгээхэн хэсэг бөгөөд зургаан аймагт байгуулж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг хүний нөөцөөр хангах бэлтгэл юм. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хяналт шинжилгээ, гэрээний удирдлагын ажилтан А.Энхтүвшин “Энэ нь төслийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудын өчүүхэн хэсгийг эзлэх боловч ач холбогдол нь маш өндөр” хэмээн тодотгосон нь учиртай аж.
Орон нутагт байгуулж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдэд эрүүл мэнд, нийгмийн сэргээн засах цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх, тэдний гэр бүл, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, сэргээн заслын чиглэлээр ажилладаг орон нутгийн байгууллага, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, мэргэшүүлэх, хамтран ажиллах зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэгтэй гэнэ. Эдгээрийн дунд “Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, тус бүрийнх нь онцлогт тохирсон хөгжлийн төлөвлөгөө боловсруулан, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл заслын тусламж, үйлчилгээ үзүүлэх”, “Хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрэгчдийн хязгаарлагдсан хөдөлгөөнийг нь боломжит дээд хэмжээнд хүртэл сэргээхэд чиглэсэн төлөвлөгөө боловсруулах, үйлчилгээ үзүүлэх, харвалт, ослын дараах сэргээн засах хөтөлбөр хэрэгжүүлэх” гэсэн хоёр гол чиглэл буй аж. Тэгвэл энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд мэргэжилтэй боловсон хүчин зайлшгүй хэрэгтэй. Хүний нөөцийн асуудал нэн түрүүнд тавигдах нь гарцаагүй. Тиймээс төслийнхний зүгээс уг төвд ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх, чадавхжуулах, хүний нөөцийг бүрдүүлэх зорилготой сургалтуудыг холбогдох байгууллагынхантай хамтран үе шаттайгаар зохион байгуулсаар байна. Өнгөрсөн хоёрдугаар сард гэхэд сэргээн засах цогц арга зүйн мэдлэг олгох зорилготой, үндэсний сургагч багш бэлтгэх дөрөв хоногийн сургалт явуулсан. Харин нэгдүгээр сарын 11-нээс гуравдугаар сарын 3-ны хооронд “Хүүхдийн хөдөлмөр засал, хөдөлгөөн засал” сэдэвт цахим сургалтыг АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Бие бялдар судлалын тэнхимтэй хамтран зохион байгуулж, нийслэл, орон нутгийн 53 байгууллагын 130 гаруй эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалчийг хамруулжээ. Үүнд оролцсон хөдөлгөөн засалчдын нэг нь өмнө онцолсон С.Оюунбаатар юм. Мөн МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимтэй хамтран дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 13-нд хэл засалч, харилцааны багш бэлтгэх цахим сургалтыг зохион байгуулжээ. Эдгээрт хамрагдсан хүмүүс Монгол Улсад төдийлөн хөгжөөгүй хэл заслын шинжлэх ухааны онолын суурь мэдлэгийг олж авч, хүүхдийн хөдөлгөөн засал, хөдөлмөр заслын үнэлгээний аргуудаас суралцаж, мэдлэг, ур чадвараа дээшлүүлжээ.
Сургалтуудын хамгийн гол ач холбогдол нь сэргээн засах анагаах ухааны салбарт олон жил ажилласан туршлагатай гадаад болон дотоодын эмч, мэргэжилтнүүд, нэртэй их сургууль, судалгааны байгууллагын доктор, профессорууд, зөвлөх багш нар, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалчид урилгаар оролцож, туршлага, ур чадвараасаа хуваалцсан явдал юм. Тухайлбал, “Хүүхдийн хөдөлгөөн засал, хөдөлмөр засал” цахим сургалтад гадаадаас л гэхэд Хонконгийн Сэргээн заслын нийгэмлэгийн хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, “MCDS consultancy” компанийн олон улсын зөвлөх багш П.Шейла, Канадын Рон Жойсын хүүхдийн эрүүл мэндийн төв, “Макмастер” хүүхдийн эмнэлгийн эмч, клиникийн туслах профессор Лоуана Лий тэргүүтэй 10 орчим хүн оролцжээ. Харин хэл засалч бэлтгэх сургалтад ОХУ болон Хонконгийн 10 гаруй багш 40 цагийн хичээл заасан бөгөөд үүнд тусгай хэрэгцээт боловсролын, сургуулийн өмнөх болон бага боловсролын багш, нийгмийн ажилтан, эмч, сэтгэлзүйч нараас гадна хөгжлийн бэрхшээлтэй эцэг, эхчүүд идэвхтэй хамрагджээ. Цаашид эдгээр сургалтын хоёрдугаар шат үргэлжлэх юм байна. Мөн хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалчаар суралцах, ажиллах хүсэлтэй залуусыг дэмжих чиглэлээр АШУҮИС-ийн Сувилахуйн сургуультай хамтран тодорхой санаачилгуудыг хэрэгжүүлж эхэлжээ.
Тус сургуулийн Бие бялдар судлалын тэнхимийн багш, Монголын бие бялдар, хөдөлгөөн заслын холбооны нарийн бичгийн дарга Д.Батлхам энэ тухай “Монгол Улсад хөдөлгөөн засалчийг 2007, хөдөлмөр засалчийг 2008 оноос АШУҮИС-д бакалаврын түвшинд бэлтгэж эхэлсэн. Одоогийн байдлаар эрүүл мэндийн салбарт хөдөлгөөн засалчаар 232, хөдөлмөр засалчаар 35 хүн ажиллаж, иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. ДЭМБ-аас гаргасан судалгаа, статистик, манай улсад бүртгэгдэж буй өвчний тохиолдол зэргээс харахад энэ чиглэлийн мэргэжилтний эрэлт цаашид улам өсөх хандлагатай. Бид судалгаа хийгээд, 2030 он гэхэд улсын хэмжээнд хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч мэргэжилтний хомсдол 1630 хүртэл өснө гэж тооцоолсон. Бодлогын түвшинд шийдвэртэй арга хэмжээ хэрэгжүүлэхгүй бол ийм мэргэжилтэн хомсодсон хэвээр байна. ХНХЯ, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлдэг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төсөл уг асуудалд ул суурьтай хандаж, мэргэжилтэн бэлтгэх, ажлын байранд гаргах, орон нутагт байгуулж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвүүдэд ажиллах хүний нөөцийг бүрдүүлэх чиглэлээр АШУҮИС-ийн Сувилахуйн сургуультай хамтран ажиллаж байгаа нь олзуурхууштай. Үүний хүрээнд олон сургалт зохион байгууллаа. Цаашид АШУҮИС-ийг сэргээн засалчаар бакалаврын зэрэгтэй төгссөн, мэргэжлийн дипломтой залуусыг 11 сарын хугацаатай, нарийн мэргэжлийн сургалтад хамруулахаар төлөвлөж байгаа. Орон нутагт мэргэжлээрээ ажиллаж буй хүмүүсийг үүнд түлхүү хамруулна. Энэ сургалтын хөтөлбөрийг боловсруулахад олон улсын зөвлөхүүд бидэнд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлсэн. Түүнчлэн төслийн хүрээнд оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарласан. Хөдөлмөр засалч, хөдөлгөөн засалчаар суралцаж байгаа II-IV дамжааны оюутнуудыг тэтгэлэгт хамруулж, сургалтын төлбөрийн дэмжлэг олгох юм. Эдгээр мэргэшүүлэх сургалт, тэтгэлэгт хамрагдсан хүмүүс орон нутагт шинээр байгуулсан хөгжлийн төвүүдэд ажиллаж, сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлнэ” хэмээн ярилаа.
Харин төслийн үндэсний зөвлөх, АШУҮИС-ийн Сэргээн засах анагаах ухааны тэнхимийн эрхлэгч, доктор А.Балжинням сэргээн заслын мэргэжилтэн бэлтгэх сургалтын онцлогийг “Оролцогчдыг нийгмийн загварт суурилсан тусламж, үйлчилгээг үзүүлэх арга зүйд сургаж байгаагаараа ялгаатай. Энэ нь эмнэлгийн нөхцөлд ажилладаг хөдөлгөөн засалч болон хөдөлмөр засалчаас зарим талаараа өөр. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөгжүүлэхэд илүүтэй чиглэдэг гэсэн үг. Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй хүүхэд байлаа гэхэд түүнийг цэцэрлэг, сургуульд хамрагдах, бусад хүүхэдтэй тоглох хэмжээнд хүргэх, насанд хүрэгчдийн тухайд хөдөлмөр эрхлэх, нийгмийн харилцаанд орох, дуртай зүйлээ бие даан хийх боломжтой болгох зэргээр хөгжүүлэхийг зорьдог” гэж тодотгов.
Өдгөө АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд хөдөлгөөн засалчаар 80, хөдөлмөр засалчаар 42, нийт 122 оюутан суралцаж байгаа гэнэ. Энэ жил 49 суралцагч элссэний 32 нь хөдөлгөөн, 17 нь хөдөлмөр засалч аж. Тус салбар сургуулийн хувьд жилд эдгээр мэргэжлээр багадаа 30 оюутан элсүүлэх бодлого баримталдаг ч үүнд хүрэхгүй байх тохиолдол цөөнгүй гэдгийг багш нар хэлэв. 2022 онд 49 суралцагч элссэн нь сүүлийн таван жил дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Энэ нь Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхийг сэргээн заслын мэргэжлээр үнэгүй сургах шийдвэр гаргасантай холбоотой аж. Ийм нөхцөлөөр 16 хүн суралцаж байгаагийн дийлэнх нь хөдөлмөр засалчийн ангид элсжээ. Дэлхий дахинд эрэлттэйд тооцогдож буй сэргээн заслын мэргэжил, тэр дундаа хөдөлмөр, хөдөлгөөн засалчаар суралцах залуусын тоо жилээс жилд аажмаар нэмэгдэж байгаа ч нийгэм дэх эрэлт хэрэгцээг хангаж чадахааргүй хэмжээнд буйг мэргэжилтнүүд дурдлаа.
Д.Батлхам багшийн хэлснээр бол хөдөлмөр засалч, хөдөлгөөн засалч, хэл засалчийг сэргээн засах анагаах ухааны гурван тулгуур мэргэжил гэж үздэг юм байна. Манай улс хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалчийг бакалаврын түвшинд бэлтгэж ирсэн цөөн жилийн туршлагатай бол хэл засалчийг бэлтгэх албан боловсролын тогтолцоог хараахан бүрдүүлээгүй аж. МУБИС-д тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр суралцаж буй оюутнуудад л ийм агуулга бүхий хичээлийг цөөн цагаар ордог гэнэ. Тэгвэл хэл ярианы үйл ажиллагаа төрөлхийн болон олдмол байдлаар алдагдсан хүмүүст тусламж, үйлчилгээ үзүүлдэг уг мэргэжлээр залуус дотооддоо суралцах цаг ойртон айсуй. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслөөс АШУҮИС-ийн хөтөлбөрт хэл засалч мэргэжлийг албан ёсоор оруулж, эл төрлийн мэргэжилтнийг дотооддоо бэлтгэх эхлэлийг тавихаар ажиллаж буй юм билээ. Тэд “Хэл засалчийг Монголд хэрхэн бэлтгэх вэ” гэдэгт хариулт олохоор БШУЯ, ЭМЯ, АШУҮИС, МУБИС зэрэг холбогдох байгууллага, олон улсын хэл заслын профессоруудтай хамтран ажиллаж, сургалт, хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулсаар байна.
Сэргээн засах эмчилгээ, үйлчилгээ гэдэг нь маш нарийн, өргөн ойлголт аж. Ийм тусламж, үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтнүүд гэмтэж, бэртсэн, саажилттай, цус харвасан, тэр ч бүү хэл, хөдөлгөөний дутагдал, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэйгээр бие махбодынх нь үйл ажиллагааны хэвийн байдал алдагдсан хүмүүстэй ажиллаж, доголдсон чадваруудыг нь нөхөн сэргээхэд анхаардаг. Энэ утгаараа сэргээн заслын мэргэжилтэн бэлтгэж, хүний нөөц бүрдүүлнэ гэдэг нь хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг даамжрахаас сэргийлэх, ийм бэрхшээлтэй иргэдэд нийгмийн харилцаанд хэвийн оролцож, бусдын адил сурч, хөдөлмөрлөж, амьдрах нөхцөл бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой ажил юм.