Британи ирэх өвөл нийгэм, эдийн засгийн сүйрлээс урьдчилан сэргийлэхийн тулд хэдэн тэрбум фунт стерлинг зээлж, хүн ам, бизнес эрхлэгчдэд тараах нь. Шинэ Ерөнхий сайд Элизабет Трасс эрчим хүчний хямралыг даван туулах яаралтай арга хэмжээ авахаа зарлалаа. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон тус улсаас Украинд өдүүлсэн дайныг хямралд буруутгав.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гарсан шинэ Засгийн газрын дотоод тооцоогоор уг төлөвлөгөөнд ойролцоогоор 150 тэрбум фунт стерлинг зарцуулна. Үүнээс 90 орчим тэрбумыг нь хүн амаа дэмжихэд зориулах гэнэ. Тухайлбал, цахилгаан, хийн төлбөрийг нөхөхийн тулд өрх бүрт 400 фунт стерлинг хуваарилж, үнийн өсөлтийг хоёр жилийн хугацаанд одоогийн хэмжээнд хүртэл хязгаарлах аж.
Төлөвлөгөөний хоёр дахь том хэсэг нь Британийн эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд нефть, байгалийн хийн олборлолт, цөмийн эрчим хүчийг сэргээхэд чиглэжээ. Импортын шатахуунаас хараат байгаа нь В.Путиний онилж буй зөөлөн цэг гэж Э.Трасс парламентдаа төлөвлөгөөгөө танилцуулах үеэрээ хэлэв. “Бид эмзэг байдалд байгаа. В.Путин үүнийг далимдуулан ашиглаж байна. Тэрбээр эрчим хүчний нөөцийг Украины эсрэг дайны зэвсэг болгосон” гэв.
“Ковид-19” цар тахлын эсрэг тэмцэх зардлаас давсан улсын тусламжийн урьд өмнө байгаагүй багц нь Консерватив намын удирдагч асан Борис Жонсоныг огцорсонтой холбогдуулан бүх нийтийн сонгуульгүйгээр намын гишүүдээс авч хийж буй шинэ Ерөнхий сайдын анхны алхам байлаа.
Трасс өөрийн шүтдэг Маргарет Тэтчерийн хэв маягаар хэт либерал эдийн засгийн бодлого баримтална гэдгээ зарлав. Тодруулбал, татвар бага, зах зээлийг чөлөөтэй байлгах, төрөөс ямар ч тусламж үзүүлэхгүй байх аж. Гэвч түүний анхны шийдвэр нь яг эсрэгээрээ болж бараа бүтээгдэхүүний үнийг царцааж, урьд өмнө байгаагүй их хэмжээний зээл авч, хүн ам, бизнес эрхлэгчдэд тараах гэнэ.
Үнэтэй хийн оронд мөнгөн дэвсгэрт “шатаах” шийдвэр санхүүгийн зах зээлд түгшүүр төрүүлж, Британийн фунт стерлингийн ам.доллартой харьцах ханш 1985 онд М.Тэтчерийн эрх барьж байсан үеийн түвшинд хүртэл буурчээ. Өөрөөр хэлбэл, брекситийн дараа хийгээд цар тахлын үеийнхээс доогуур гэсэн үг. Эдийн засагчид энэ онд Британийн инфляц хоёр оронтой тоонд хүрч, үндэсний баялгийн өсөлтөөс бууралт руу шилжинэ гэж таамаглаж байгаа тул хөрөнгө оруулагчид тус улсын мөнгөн тэмдэгт, улсын өрийг үнэгүйднэ гэдэгт итгэлтэй буй учраас зарж байна.
Гэхдээ Э.Трассыг дэмжигчид бүх зүйл тийм ч тааруу биш гэж үзэж байгаа бөгөөд эдийн засаг муудаж, татварын орлого буурсан үед олноороо дампуурахаас урьдчилан сэргийлэхийн тулд одоо зээл авч, хүн ам, бизнесийг дэмжихэд зарцуулсан нь дээр хэмээн төлөвлөжээ. Үүний сацуу дундаж өрхийн жилийн цахилгаан, хийн төлбөрийг 2500 фунт стерлингийн хэмжээнд царцаах нь инфляцыг тав орчим хувиар бууруулж, хэтдээ халамж, өртэй холбоотой зардлыг багасгана гэж Э.Трасс парламентын гишүүдэд мэдэгдэв.
ГАМШГААС СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ НЬ
Гэхдээ гол нь эдийн засаг биш, нийгмийн асуудал аж. Царцаах арга хэмжээ авахгүй бол ирэх оны нэгдүгээр сар гэхэд дээрх төлбөр 3500, хавар 5000 фунт стерлинг давах гэнэ. Ингэвэл дундаж гэр бүл орлогынхоо 15 гаруй хувийг дулаан, цахилгааны зардалд зарцуулж, олон сая хүн төлбөрөө өгөх боломжгүй болно.
“Хэрэв одоо оролцохгүй бол сүйрэл ойрхон байна. Одоо дэмжлэг үзүүлэх ямар механизм илүү дээр вэ гэдгийг хэлэлцэх биш, харин улс төрийн хүсэл зориг гаргах нь чухал. Төлөвлөгөөг хэт өндөр зардалтай гэж магадгүй. Тийм ээ, үнэтэй. Тусламж нь зорилтот биш гэж хэлж болно. Гэсэн ч сая сая хүмүүст “амьсгалах”, богино хугацаанд цахилгаан, хийн төлбөрөө төлөх боломж олгох энэ төлөвлөгөөнд би маш их баяртай байгаа” гэж Британийн санхүүгийн ахлах шинжээч Мартин Льюис BBC-д ярилцлага өгөхдөө хэлжээ.
Харин шүүмжлэгчид нь Лондоны төвд харштай олигархууд ч ийм хөнгөлөлт эдлэхийг эсэргүүцэж байна. Мөн тэд эрчим хүчний аюулгүй байдал нэрийн дор Э.Трасс газрын тос, байгалийн хийн компаниудыг дэмжин, ногоон эрчим хүч рүү шилжих үүргээ уландаа гишгэж байна гэв. Нам нь 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх зорилгод тууштай байгааг Э.Трасс нотолсон ч бизнест хохирол учруулахгүйн тулд үүнд хэрхэн хүрэх талаар дахин хэлэлцэхээр бэлтгэж байгаагаа мэдэгдлээ.
Сөрөг хүчин нь түүнийг эрчим хүчний компаниудын гэнэтийн ашгаас татвар хураахаас эрс татгалзлаа хэмээн шүүмжилсэн байна. Уг нь дээд амжилт тогтоосон үнийн ачаар ойрын хоёр жилд 170 гаруй тэрбум фунт стерлингийн орлого олох байжээ. Татвар бизнес эрхлэгчдийг айлгаж, уламжлалт болон шинэ эрчим хүчний хөрөнгө оруулалтыг “сулруулна”. Хөрөнгө оруулалтгүйгээр өнөөгийн хямралын гол асуудал болох дотоодын үйлдвэрлэл, дэд бүтцийн хомсдол шийдэгдэхгүй. Ийм хомсдол Британийг дэлхийн эрчим хүчний зах зээлийн тасалдалд өртөмтгий болгосон гэж Э.Трасс хариулав. “В.Путиний Украинд өдүүлсэн аймшигт дайны улмаас бид эрчим хүчний хангамжийн асуудалтай тулгарч байна. Тиймээс эрчим хүчний хямралыг нэн даруй шийдвэрлэнэ” гэж тэрбээр Ерөнхий сайдын хувиар парламентад анх удаа үг хэлэхдээ онцолжээ.
Түүний төлөвлөгөө нь 1973-1974 оны Арабын нефтид тавьсан хоригийн хариуд Британи, Европын бусад орон нефть, байгалийн хий олборлож, цөмийн реакторууд барьж эхэлсэн М.Тэтчерийн үеийн бодлогыг санагдуулж буй. Өнөөгийн хямрал Хойд тэнгисийн нөөц шавхагдаж, тив, арлуудад цөмийн эрчим хүч моодноос гарч, уналтад орсон үетэй давхцаж таарав. Одоо Британийн эрх баригчид энэ хандлагыг эргүүлнэ гэж найдаж байна.
Хүн амаа дэмжих, эрчим хүчний бие даасан байдлыг хангах ижил төстэй төлөвлөгөөг Европын Холбоо хэлэлцэж буй. Судалгааны “Brue-gel” төвийн тооцоолсноор эрчим хүчний хямралтай тэмцэхэд тус холбоо хэдийн 300 орчим тэрбум евро зарцуулжээ.
Цар тахлын өмнө ч Европын Холбоо Оросын түлшний гол хэрэглэгч байсан. Гэвч өнгөрсөн жил Кремль Европ руу дамжуулах хийгээ багасгаж эхэлсэн бөгөөд Украин руу довтолсны дараа Өрнөдийн орнууд хатуу хориг арга хэмжээ авсны хариуд ОХУ дарамт шахалтаа нэмэгдүүлж, энэ сар гэхэд янз бүрийн шалтгаанаар байгалийн хийн нийлүүлэлтээ гурав дахин бууруулаад байна.
Европ энэ өвөл байгалийн хийгээ тэглүүлэхэд бэлтгэж байгаа бөгөөд Европын Холбооны 27 орны Эрчим хүчний сайд нар дэлхийн улс төрийн хамгийн том нэгдлийн 450 сая оршин суугчийг хөлдөөхгүй байх, аж үйлдвэр, бизнесийг дэмжих талаар хэлэлцэж буй.
“III КАРЛ УЛСЫНХАА БОДЛОГОД НӨЛӨӨЛӨХ НЬ ЮУ БОЛ”
Британийн хаанаар өргөмжилсөн III Карл энгийн мэдэгдэл хийх замаар Британийн бодлогод нөлөөлөхийг оролдох нь юу л бол гэж Г.В.Плехановын нэрэмжит ОХУ-ын Эдийн засгийн их сургуулийн Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч Андрей Кошкин ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ. “Чарльз байдлыг үнэлэхэд илүү идэвхтэй оролцох боломжтой ч удаан хугацааны турш хаант засаглалд байсан тэрбээр илүү оновчтой үг хэлэх нь дээр гэдэгт суралцсан. Түүнийг улсынхаа бодлогод ямар нэгэн байдлаар нөлөөлөхийг оролдвол энэ нь Британийн нийгэмд сөрөг үнэлгээ өгөхөд хүргэнэ. Одоо нөхцөл байдал маш таагүй байгаа тул ямар нэгэн тогтворжуулах арга хэмжээ авахыг оролдсон хэн бүхэн шууд л өндөр үнэлгээ авахаар байна. Үүнд л Элизабет Трасс бэлдэх ёстой” гэж тэрбээр онцлов.
Британид титэм нь тогтвортой байдал, уламжлалаа хадгалахын бэлгэдэл хэвээр. Тиймээс хаан Сайд нарын танхимд нөлөөлөх өргөн эрх мэдэлтэй байдаггүй. Дайн зарлах зэрэгтэй холбоотой асуудалд түүнтэй Ерөнхий сайд зөвшилцөх үүрэгтэй байдаг. Тэрчлэн улсын санхүү, хөрөнгө, улс төрийн байдалтай холбоотой асуудлаар тэд мөн зөвшилцдөгийг олон улсын шинжээчид тэмдэглэжээ.
Шинэ хаан байгаль хамгаалагч, буяны хийгээд хүмүүнлэгийн үйлстэн хэдий ч британичуудын дунд ээж шигээ алдартай биш. Бүгд найрамдах засаглалыг дэмжигчид олноор бий болсон эх орондоо хаант засаглалын сэтгэл татам дүр төрхийг хадгалах нь шинэ хаанд хэцүү байхыг Британийн улс төрийн ажиглагчид эртнээс онцолж байсан. Хэвлэлүүдэд нь мэдээлснээр хаан ширээ залгамжлагч гэр бүлийнхээ хүрээг арав гаруй хүн болгон цомхотгохыг эртнээс хүсэж байсан нь хаант засаглалыг олон нийтийн шүүмжлэл, шинэ дуулиан шуугианаас хамгаалахад тусална. Хамгийн сүүлийнх нь хааны дүү, хунтайж Эндрю хүчингийн хэрэгт буруутгагдаж, цэргийн арваад хүндэт цол, хэд хэдэн байгууллагыг төлөөлөх эрхээ алдсан бөгөөд цаашид угсаа залгамжлах цолоо ашиглах боломжгүй болж магадгүй.
Тэрчлэн хааны гэр бүлийн тэтгэлэг авдаг, эсвэл төрийн хамгаалалтад байдаг, онц ач холбогдолгүй гишүүдийг эрх ямбанаас хасахаар Чарльз төлөвлөж буй. Тэдний дунд хунтайж Эндрюгийн охид, эрх мэдлээ ашиглан мөнгө олохыг оролдсон гэж саяхан сонинууд буруутгасан, Кентийн хунтайж Майкл нар байна.
70 жилийн турш шинэ дүрдээ бэлтгэгдсэн хаан олон хүнд хэцүү шийдвэр гаргах шаардлагатай болно. Ээжийн замаар замнаж, нийт ард түмний сайн өвөө болох уу, эсвэл өөрийн гэсэн хэв маягийг хөгжүүлэх үү? Тулгамдсан асуудлын талаарх санал бодлоо өөртөө үлдээх үү, эсвэл илүү хариуцлага хүлээдэг шинэ статусаар үргэлжлүүлэн илэрхийлэх үү? Мөн нүүрсний хор уршиг гэх мэт шинэ хааны хувьд зарчмын асуудлаар улс төрийн шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөхийг хичээж яагаад болохгүй гэж хэмээн “Sкy news” телевиз тэмдэглэжээ.
“Wall street journal” сонинд бичсэнээс үзвэл хатан хааны үхэл нь Украины мөргөлдөөний улмаас инфляц өсөн, эдийн засгийн уналт ойртож, цалин буурч, эрчим хүчний үнэ тэнгэрт хадсан энэ үед британичуудыг улам хүнд байдалд оруулж байна. Шинэ хаан маргаантай сэдвээр дуугарч, нийгмийн үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр гэр бүлийн албан ёсны ахмад гишүүдийн тоог цөөлж, хаант засаглалын зардлыг бууруулах шаардлагатай болох нь.
Элизабетын засаглалын үед Британи танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөнийг “Bloomberg” тэмдэглэж, одоо вант улс задрах аюулд ороод байгааг үгүйсгэсэнгүй. Шотланд тусгаар тогтнолын төлөө тэмцэж байгаа бөгөөд брекситийн дараа тус улсын байр суурь тодорхойгүй хэвээр байна.
MSNBC телевиз гунигтай таамаглал дэвшүүлжээ. Хэдийгээр Чарльз цол, газар нутгийг өвлөн авч, шинэ Засгийн газар байгуулах зөвшөөрөл өгөх ч ээжийнхээ сүүдэрт үлдэх гэнэ. III Карл ажлаа хийж чадахгүй гэж олон хүн эмээж байна хэмээн “Economist” бичжээ. Мөн хатан хаан нас барсны дараа хаант засаглал цэцэглэн хөгжинө гэдэгт цөөн хүн итгэдэг. Гэхдээ нөгөө талаас жам ёсны өөрчлөлтүүд гарна. XVII зууны сэргээн мандалтаас хойш Британийн хаан бүр өөрийн онцлогоор улс орноо захирч, өмнөх хааныхаа чиг бодлогоос зайлсхийдэг нь заншил болжээ. Өөрчлөлт хийгээд залгамж чанар бол хаант засаглалын бэлгэ тэмдэг гэж “Economist” дүгнэжээ.