Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлтийн ёслол болж байна. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож байна. Тэрээр үйл ажиллагааг нээж үг хэлэх үеэрээ, "Уг төмөр зам ашиглалтад орсноор тогтмол ажлын байр 2,000-аар нэмэгдэж, малын бэлчээр сүйтгэх, тоосжилт, хөрс, агаарын бохирдол 74 хувиар буурна" гэгийг онцоллоо. Мөн бүтээн байгуулалтад дотоодын 600 орчим аж ахуйн нэгж, 2,000 гаруй техник, машин механизм, 5,000 гаруй инженер, техникийн ажилтан оролцсон аж.
Энэхүү төмөр зам нь Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл 233.6 километр үргэлжлэх гол замтай, нийт дэлгэмэл урт 321.6 километр, 2 өртөө (Тавантолгой, Гашуунсухайт), 6 зөрлөг (Хайрхан, Хангай, Уртгол, Оюут, Шинэ-Ус, Хулант), 16 гүүртэй, төмөр замын голын даац 25 тонн, царигийн хэмжээ 1520 мм юм.
Уг төмөр зам баригдсанаар манай улс жилдээ 30-50 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох, улсын төсөвт жилд дунджаар 44 сая ам.долларын татвар төвлөрүүлэх, БНХАУ руу экспортлох нүүрс тээврийн өртөг Тавантолгой уурхайгаас Ганцмод боомт хүртэл 47 ам.доллароос 12 ам.доллар болж, тонн тутамд 4 дахин буурах, 2000 орчим тогтмол ажлын байр нэмэгдэх урьдчилсан тооцоо гарчээ.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор төмөр замаар дамжуулах нүүрс, зэсийн экспортыг дэмжиж, БНХАУ-ын нутаг руу тээвэрлэх, цаашлаад тус улсын Тяньжин зэрэг далайн боомтуудаар дамжин гуравдагч орон руу тээвэрлэлт хийх, Монгол Улсын уул уурхайн компаниуд дэлхийн зах зээлд хямд үнээр өрсөлдөх боломж бүрдэж байна.