Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэн болон “Биокомбинат” төрийн өмчит компанийн хооронд өчигдөр технологи дамжуулах лицензийн гэрээ байгууллаа. Ингэснээр дээрх хүрээлэнгээс шүлхийгээс сэргийлэх вакцины технологийг лицензийн гэрээгээр “Биокомбинат”-д шилжүүлэхээр болов. Засгийн газрын санхүүжилтээр 2015-2018 онд “Шүлхийгээс сэргийлэх вакцины үйлдвэрлэлийн технологи ба ариутгал, халдваргүйтгэлийн цогц арга хэмжээ” төсөл хэрэгжүүлжээ. Үүний хүрээнд Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтдийн баг шүлхийгээс сэргийлэх вакцин үйлдвэрлэх судалгаа явуулсан аж. Энэ ажлын үр дүнд дөрвөн төрлийн вакцины технологи боловсруулан, улмаар хэрэглээнд нэвтрүүлэх боломжтойг нотолж, малын эмийн бүртгэлд оруулсан юм байна. Уг технологийг шилжүүлснээр “Биокомбинат”-д 50 000 тун вакцин үйлдвэрлэх боломж бүрдэх нь. Вакцин үйлдвэрлэх түүхий эд бэлэн, мөн түүнийг хадгалах төхөөрөмжийг ч бэлтгэсэн гэнэ. Манай улсад өмнө нь энэ төрлийн вакцин үйлдвэрлэдэггүй, 100 хувь импортоор авдаг байсан билээ. Ташрамд дурдахад, малын гоц халдварт шүлхий өвчний улмаас улсын хэмжээнд одоогоор зургаан аймгийн 10 сумд хорио цээр, хязгаарлалтын дэглэм үйлчилж байна.
Бэлтгэсэн М.Оч