Хүүхэд бүр боловсрол эзэмших эрхтэй. Энэхүү эрхийг нь төрөөс үнэ төлбөргүй, чанартай хангах үүрэгтэй. Эл үүргийг Монгол Улсын Засгийн газар хүлээдэг. Үндсэн хуулийн 16.7- д “Монгол Улсын иргэн сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гэж заасан. Засгийн газар энэ үүргийнхээ хүрээнд эрх зүйн орчныг бүрдүүлж, төрийн холбогдох байгууллагуудад үүрэг хүлээлгэн, хүүхэд бүр сурах, хөгжих нөхцөлийг хангах ёстой. Харамсалтай нь, Боловсрол, шинжлэх ухааны яамны судалгаагаар 2021-2022 оны хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй гурван хүүхэд тутмын нэг нь боловсролын гадна үлджээ. Тэд хүртээмжтэй орчинд, найз нөхдийн хамтаар сурч хөгжих эрхээ эдлэх ёстой. Хүүхэд сургуульд суралцсанаар хөгжих, бие даан сонголт хийх, өөрт оногдсон үүргийн өмнө хариуцлага хүлээх, амьдралдаа биеэ даан шийдвэр гаргах, найз нөхөдтэй болох, тэдэнтэйгээ сайдах, муудах, цаашлаад ажил хөдөлмөр эрхэлж амьдрах үүд хаалга нь нээгддэг
Нэгэн бүсгүй дүүдээ хөтлүүлсээр булан тойроод ирэхэд багш нь тосон авлаа. Ээж нь тэднийг ойролцоох газраас харан зогсох аж. Гайхсан харцаар угтсан багш дүүг ээж рүү нь гүйлгээд, шавиа хөтөлсөөр бичиг үсгийн хичээл рүүгээ явлаа. Эгчийгээ хөтөлж явсан дүү дөрвөн настай. Харин эгч нь 24 настай бөгөөд оюуны бэрхшээлтэй. Түүнийг анх сургуульд ороход нь л захирал “Ийм хүүхдийг манай сургуульд сургахгүй” гэжээ. “Тэр үеэс хойш хүүхдээ тавилга шиг хадгалсаар танд авч ирлээ” гэж ээж нь бичиг үсгийн багшид нь хэлсэн байдаг. Хэдий сургуульд сурч, боловсрол эзэмшээгүй ч тэрбээр гэрээ цэвэрлэж, дүү нараа асарч, хоолоо хийж, ээждээ тусалдаг. Бас хэнтэй ч санаа бодлоо хуваалцах чадвартай. Харин бичиг үсэгт тайлагдаж, тооны ухааныг амьдралдаа хэрэглэхэд суралцах байтугай нийгэмшихүйн чадваруудыг эзэмшээгүй. Хэзээ ч ганцаараа гадуур гарч үзээгүй. Ямар сайндаа л дөрвөн настай дүүдээ хөтлүүлээд явж байх вэ. Гэтэл цэцэрлэгт явдаг дөрвөн настай дүү нь аль хэдийн нийгэмшээд, гудамжаар ганцаараа явахад бэлтгэгдсэн байх юм. Дараагийн нэгэн гашуун жишээ нь нэг бус, нэжгээд хүнд тохиолддог. Тусгай сургуулийн төгсөлтийн баярын өдөр нэгэн ээж “Өнөөдөр миний хувьд гашуудлын өдөр шиг байна” гэж ярьж билээ. “Яагаад” гэхэд “Миний хүү гэр хэмээх “шоронд” насаараа хоригдох ял авлаа” хэмээсэн. Оюуны ялгаатай хөгжилтэй, тусгай сургуульд суралцсан тэр хүү төгсөөд найман жил болсон атал өдгөө гэртээ л байна. Цаашид хөгжих, хөдөлмөрлөх, нийгэмших боломж түүнд бий болов уу. Хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрэгчдийн 20 хүрэхгүй хувь нь хөдөлмөр эрхэлдэг гэсэн тоон судалгаа бий. Тэд хөдөлмөрлөж чадахгүйдээ гэртээ суугаагүй. Харин тэднийг хүүхэд үед хөгжлийн онцлогийг нь ойлгоод, нэмэлт жаахан дэмжлэг үзүүлээд, бусдынх нь адил сургуульд сургасан бол гэсэн бодол төрдөг. Хөгжлийн түвшин, арьс өнгө, хөдөө, хот, соёлын ялгаа, хэлний зөрүүтэй байдал, шашин шүтлэг, угсаа гарлаас үл хамааран зургаан настай хүүхэд бүрийг сургуульд элсүүлэх ёстой. Хүүхэд бүр онцлог хэрэгцээгээ үнэлүүлэх, өөрт тохирох дэмжлэгийг авах, найз нөхдийн хамт суралцах, насанд хүрсний дараа бусдаас хараат бусаар ажил хөдөлмөр эрхлэх учиртай. Үүний тулд зайлшгүй сургуульд элсэж, сурах эрхээ эдлэх шаардлагатай. Ийм боломжийг манай улс эрх зүйн хүрээнд аль хэдийн бүрдүүлжээ. Тиймээс эцэг, эхчүүд бид төрийн холбогдох байгууллагуудын хүлээсэн үүргүүдийг сануулан, хэрэгжүүлэхийг шаардах хэрэгтэй, эрхтэй. Үүний тулд хэн хэн ямар үүрэг хүлээсэн байдгийг сануулъя.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27.5.3-т заасны дагуу ерөнхий боловсролыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагаар төлөөлөн гүйцэтгүүлэх төрийн чиг үүргийг Засаг дарга нарт хүлээлгэсэн байдаг. Төлөөлөн гүйцэтгүүлэх төрийн чиг үүрэгт сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол багтдаг билээ. Баг, хорооны Засаг дарга нар уг хуулийн 58.1.3, 61.1.11-т зааснаар сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг бүртгэж, тухайн жилд боловсролын байгууллагад элсүүлэх, хичээл завсардсан тохиолдолд сургалтад хамруулах арга хэмжээ авах үүрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн холбоо энэ жил “Элсэлт” аяныхаа хүрээнд аймаг, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нар энэхүү үүрэгт ажлаа хэрхэн биелүүлдгийг тодруулахаар ажиллаж байна. Үүний хүрээнд бид 21 аймаг, есөн дүүрэгт ажиллаж буй бөгөөд үр дүнг нь мөдхөн олон нийтэд хүргэнэ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрийг боловсролын үйлчилгээнд хамруулахын тулд тэдний хэрэгцээнд нийцсэн дэмжлэгийг бий болгон, цогц хөгжлийг хангуулахаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Боловсрол, шинжлэх ухааны, Эрүүл мэндийн сайд хамтран 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд А/220, А/475, А/812 дугаар тушаал гаргасан. Уг тушаалын нэгдүгээр хавсралтад оруулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлалын 3.1-т аймаг, дүүргийн Засаг дарга нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын байгууллагад холбон зуучлах үүрэгтэй Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл байгуулан ажиллахыг даалгасан байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуульд элсүүлээд орхих бус, тэдний ялгаатай хэрэгцээг таньж мэдээд, хариу арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлалын 3.2т зааснаар бол цэцэрлэг, сургууль нь хүүхдийн онцлог хэрэгцээ, эрүүл мэндийн бодит байдалд нийцүүлэн хөгжих, сурах эрхийг нь хангах орон тооны бус 7-9 хүний бүрэлдэхүүнтэй дэмжлэгийн баг байгуулж, ажиллуулах учиртай. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг зөвхөн багшид даатгаад орхидог байсан хуучин тогтолцоог халах юм. Сургууль, цэцэрлэг бүр уг багаараа дамжуулан боловсролын ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх бөгөөд үүний тулд төсөвт нэмэлт оруулах зохицуулалтыг Боловсрол, шинжлэх ухааны сайд бодлогоороо бий болгосон байна. Ингэснээр нэг үеэ бодоход хөгжлийн ялгаатай хүүхдүүдийг зүгээр л ангид суулгаж, тоо бөглөдөг цаг өнгөрсөн гэмээр. Хэрэв эцэг, эх, асран хамгаалагчид хуулиар олгосон эдгээр боломжийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болж, хүүхдийнхээ тусгай хэрэгцээнд нь нийцсэн дэмжлэгүүдийг авч чадвал үеийнхнээс нь дутах зүйлгүйгээр боловсрол эзэмшүүлэх үүд хаалга нээгдэнэ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс 21 аймаг, есөн дүүрэгт бий. Эдгээр комисс нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг цэцэрлэг, сургуульд элсүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Комиссын дүрмийн 4.2.2-т зааснаар бол тухайн орон нутгийн харьяалалтай, эсвэл оршин суугаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамруулах шийдвэр гаргах, шаардлагатай гэж үзвэл харьяалал харгалзахгүйгээр сургууль, цэцэрлэгт хамруулах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Мөн аймаг, дүүргийн салбар комисс нь уг дүрмийн 4.2.4-т зааснаар орон нутгийн сургуульд хамрагдалтыг дэмжих зөвлөлтэй хамтран, харьяалах сум, багт жилд нэгээс доошгүй удаа ажилладаг. Ингэхдээ хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг илрүүлж, боловсролд хамруулах арга хэлбэрийн талаар эцэг, эх, асран хамгаалагчид зөвлөн туслах, холбогдох боловсролын байгууллагад уламжлах арга хэмжээ авдаг. Түүнээс гадна сургуулийн захиралд ч хүлээсэн үүрэг бий. Тодруулбал, захирал хамран сургах тойргийн хүүхэд бүрийг сургуульд бүрэн хамруулж, тэдэнд суурь боловсрол заавал эзэмшүүлэх үүргийг Бага, дунд боловсролын тухай хуулийн 20.2.8-д зааснаар хүлээдэг. Монгол Улсад зургаан настай хүүхэд бүрийг сургуульд элсүүлэх эрх зүйн баталгаа ийнхүү бүрджээ. Гэхдээ бүх хүүхдийг сургуульд элсүүлж, завсардуулахгүйгээр сургаж чадаж байгаа бил үү.
Нөгөө талаас эцэг, эхчүүд ч багагүй үүрэгтэй. Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийг сургуульд заавал хамруулна. Тодруулбал, хүүхдэдээ 16 хүртэл насанд нь суурь боловсрол заавал эзэмшүүлэх, суралцах, хүсэл, сонирхлыг хааж боогдуулахгүй байх үүргийг Боловсролын тухай хуулийн 46.2.3-т заажээ. Үүний зэрэгцээ Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10.1.4, 10.1.5, 10.1.8-д эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах үүрэгтэй талаар тусгасан байна. Мөн хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд хамруулах, хөгжиж, төлөвшихөд нь дэмжин туслах үүрэгтэй. Дээрх хуулийн 10.2-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхчүүдийг дээрх үүргээс чөлөөлөхгүй гэжээ. Гэр бүлийн тухай хуульд ч эцэг, эхийн энэхүү үүргийн талаар тусгасан байдаг. Тухайлбал, 26.1-т заасанчлан эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. Мөн 26.2.3-т тусгаснаар хүүхдэдээ суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох үүрэг эцэг, эхэд оногддог. Түүнч¬ лэн 26.4-т зааснаар бол эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулиар заасан боловсрол эзэмшүүлэх үүрэг хэвээр үлддэг байна. Үүний зэрэгцээ сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд ч эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдээ боловсролын үйлчилгээнд хамруулах шаардлагатай талаар тусгажээ. Тухайлбал, 14.1.1-т “Эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдэдээ тохирох цэцэрлэгийн хэв шинж, үйлчилгээний хэлбэрийг сонгох эрхтэй” хэмээжээ. Уг хуулийн 14.2.2-т зааснаар бол хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд заавал хамруулах, сургуульд бэлтгэгдсэн байдлыг хангах гэсэн чухал үүргийг эцэг, эхэд бас ногдуулсан аж.
Хүүхэд бүрт гэгээн ирээдүйг бий болгох үүд хаалга манай улсад ийнхүү нээлттэй байна. Гэсэн ч эл хаалга зарим тохиолдолд хаалттай хэвээр бөгөөд хүүхдүүд боловсролын гадна үлдсээр байгаа юм. Тиймээс хаалттай хаалганы түлхүүрийг олж, хүүхдүүддээ хамтдаа нээж өгье. Хүүхэд бүр сурч, хөгжихөд хаалгаа нээцгээе.
Бэлтгэсэн .С.Сэлэнгэ