“Короновируст халдварын эсрэг вакцин нэвтрүүлсний дараах үнэлгээ хийх” төслийн танилцуулах уулзалт өнөөдөр Эрүүл мэндийн яаманд зохион байгуулагдлаа. Вакцинжуулалтыг хийсний дараа тухайн улс оронд зохион байгуулагдсан вакцинжуулалтын хөтөлбөр амжилттай хэрэгжсэн эсэхийг үнэлдэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аргачлалаар уг үнэлгээ гурван түвшин, есөн чиглэлд хийгдэхээр төлөвлөгдсөн байна. Тус үнэлгээний багийн үндсэн зохион байгуулагчаар ЭМЯ, ХӨСҮТ ажиллаж байгаа бөгөөд ДЭМБ-ын мэргэжилтнүүд болон АНУ-ын Өвчний хяналт урьдчилан сэргийлэх төвийн хоёр мэргэжилтэн хамтран ажиллахаар ирсэн байна. Мөн НҮБ-ын хүүхдийн сан, ДЭМБ-ын Ази номхон далайн бүс, ДЭМБ-ын монгол дахь суурин төлөөлөгчийн газруудыг хамарсан өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцож үнэлгээг хийх юм байна.
Короновируст халдварын эсрэг вакцин нэвтрүүлсний дараах үнэлгээг 2022 оны есдүгээр сарын 18-30-ны өдрүүдэд хийгдэх бөгөөд үндэсний хэмжээнд, дүүрэг аймгийн түвшинд болон сумын түвшинд нь бодлогын баримт бичиг, бэлэн байдал, татан авалтууд, вакцины хүйтэн хэлхээний нөхцөл байдал, хүний нөөц, вакцин түгээлт, агуулах зэрэг чиглэлд үнэлгээ хийж ажиллах аж.