“Хайрхан аялагч клуб” ТББ-аас санаачлан зохион байгуулдаг, Г.Барсболд агсны нэрэмжит уулын эрчимт алхалтын тэмцээн энэ сарын 10-нд Манзушир-Дашийн хад-Зайсан чиглэлийн 17.5 км-ийн зайд болно. Энэ тэмцээн нь багийнх гэдгээрээ онцлог. “Хайрхан аялагч клуб” 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эл тэмцээн нь уулын аялал, гүйлтийн төрлийг хөгжүүлэх зорилготой. Мөн уулын клубүүд хооронд нөхөрсөг харилцаа үүсгэх, харилцан туршлага солилцох, суралцах, хамтын ажиллагааг хөгжүүлэх, алхах сонирхолтой хүмүүст зөв мэдээлэл өгөхөд чиглэдэг аж. Эрчимт алхалтын уг тэмцээнийг 2019 оноос улсын аваргын хэмжээний статустай болгон өргөжүүлжээ. Тухайн онд 26 багийн 182 тамирчин оролцож байв. Тэгвэл 2020 онд 34 багийн 238, өнгөрсөн жил 28 багийн 196 тамирчин өрсөлджээ. Энэ удаагийн тэмцээнд оролцох баг бүр 18-аас дээш насны дөрвөн эмэгтэй, гурван эрэгтэй, нийт долоон хүний бүрэлдэхүүнтэй. Багийн тамирчдын насны нийлбэр 231 болон түүнээс дээш байх шаардлагатай аж. Түрүүлсэн баг нэг сая, хоёрдугаар байр 700, гуравдугаарт орсон нь 500 мянган төгрөгийн шагнал гардана. Мөн дөрөвдүгээр байрын эзэд “Хоризон” клубийн, тавдугаар байрт орвол Ууланд дурлагсдын группийн нэрэмжит тусгай шагналтай. Монголын уулчдын үндэсний холбооны Скайраннингийн хорооноос дээрх УАШТ-д оролцогчдод энэ жилээс чансааны оноо олгодог болохоор шийдвэрлэжээ.