Консерваторын хөгжмийн онолын багш, сургуулиа өнгөрсөн хавар хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн З.Оюундарь багш, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын удирдлагаар хийл хөгжимд зориулсан концерт бичжээ. Энэ нь түүний хөгжмийн том хэлбэрийн анхны зохиол бөгөөд Улсын филармонийн симфони найрлын хийлч М.Хулан гоцолж хөгжимдсөнөөр анхлан сонсгов. Концерт нь хоёр ангитай. Эхнийх нь гол сэдвээ агуулж буй удаан хэмнэл бүхий бол хоёрдугаар анги нь хурдан, хөгжимчнөөс тоглох ур чадвар нэлээд шаардсан хэллэг, бичлэгтэй аж. Манай улсын хөгжмийн зохиолчдоос өмнө нь Төрийн шагналт З.Хангал хийлийн концерт бичиж байжээ.