Монголын банкны холбооноос өчигдөр банкуудын энэ оны эхний хагас жилийн санхүүгийн үзүүлэлтүүдийг мэдээлэв. Иргэд цалин, тэтгэвэр болон хадгаламж барьцаалсан зээл ихээр авах болжээ. Тодруулбал, иргэдэд олгосон зээлийн хэмжээ 72 хувиар өссөн байна. Эдийн засгийн салбаруудаас худалдааны салбарын зээл нэмэгджээ. Харин уул уурхай, боловсруулах, барилга, үйлчилгээний салбарын зээл буурсан аж. Банкны системийн нийт зээлийн 10 хувь нь чанаргүй болсон гэнэ. Тээвэр, ложистикийн хүндрэлээс үүдэлтэйгээр уул уурхайн салбар энэ оны эхний улиралд удаашралтай байсан. Үүнтэй холбоотойгоор тус салбарт олгосон 10 зээл тутмын гурав нь чанаргүй болжээ. Одоогоор уул уурхайн салбарт олгосон зээлийн 34 хувь чанаргүй гэсэн ангилалд багтсан хэрэг.
Гадаад орчны тодорхой бус байдлаас үүдэлтэйгээр иргэд валют хадгалах, нөөцлөх сонирхолтой болсон гэнэ. Төгрөгийн хадгаламжийн бодит өгөөж инфляцаас шалтгаалан буурсан. Тиймээс иргэд төгрөгийн хадгаламжаа татан авч, үнэт цаасанд хөрөнгө оруулан, эсвэл ам.долларт хөрвүүлж буй. Үүний улмаас иргэдийн валютын харилцах хадгаламж 3.2 их наяд төгрөгт хүрч, 30 хувиар өссөн байна. Мөн банкуудын зээлийн эх үүсвэр нэг их наяд төгрөгөөр буураад буй билээ. Одоогоор банкуудын хадгаламжийн дундаж хүү 7.5, зээлийнх нь 14.6 хувьд хүрчээ.