БОАЖ-ын сайд Хөвсгөл аймагт ажиллахдаа олон жил үргэлжилж буй, газрын маргаантай холбоотой асуудлыг шийдвэрлэжээ. Тодруулбал, амьдран байгаа газар нутагтаа аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүсэлтэйгээ илэрхийлсэн ч холбогдох байгууллагаас зөвшөөрөл авч чадаагүй, олон жил хүлээлтийн байдалтай байсан Хатгал сумын иргэдэд газрын гэрчилгээ олгосон аж. Цаашдаа ч ийм хүсэлт гаргасан иргэдэд газар нэмж олгох бөгөөд ямар нэг хүнд суртал гаргахгүй, бүх зүйлийг хууль, журмын дагуу үргэлжлүүлнэ гэдгийг салбарын сайд онцолжээ. Түүнчлэн аялал жуулчлал эрхлэгчид жуулчны бааз, гэр буудал байгуулахдаа мал, амьтан чөлөөтэй явах, хүн саадгүй зорчих боломжтойгоор төлөвлөж, төрийн байгууллагуудаас тавьсан шаардлагыг биелүүлж ажиллахыг хүсжээ.