Болгар улсын Софи хотод энэ сарын 14-19-нд уран сайхны гимнастикийн ДАШТ болох бөгөөд манай улсын шигшээ багийн тамирчин Х.Ундрам оролцох аж. Тэрбээр Тайланд улсад өнгөрсөн зургадугаар сард болсон Азийн АШТ-ий шилдэг 16 тамирчны нэгээр шалгарч, уг тэмцээнд оролцох эрх авчээ. Тэрбээр 2019 онд Азербайжаны нийслэл Бакуд болсон ДАШТ-д мөн амжилттай “зодоглосон” түүхтэй. Х.Ундрам олон улсын хэмжээний мастер цолтой бөгөөд саяхан олон улсын шүүгч болжээ. Тэрбээр Софид цагариг, бөмбөг, булаав, тууз гэсэн дөрвөн төрлөөр оролцох тухай ДАШТ-ий албан ёсны мэдээлэлд дурдсан байна. Энэ удаа дэлхийн 87 орны тамирчин авхаалж самбаа сорин өрсөлдөх аж. Түүний дасгалжуулагч M.Булган “Манай улсын уран гимнастикчид сүүлийн жилүүдэд чамгүй амжилттай байна. Олон улсын гимнастикийн холбооны сургалтад тамирчид хамрагдсанаар өмнө нь хоёр, гуравхан байсан шүүгчийн тоо 12 болж нэмэгдсэн. Олон нийтийн дунд энэ төрлийн спортоор хичээллэх сонирхол ч ихэссэн. Найман дасгалжуулагч тус бүртээ 100гаад хүүхдэд хичээл заадаг” гэсэн юм.