Энэ сарын 20-26-нд болох НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцох бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцоно. Эдийн засгийн чуулган өнөөдөр эхлэх тул Засгийн газрын ээлжит хуралдааныг өчигдөр хийж, холбогдох сайд нар мэдээлэл өглөө. Дорнын эдийн засгийн чуулга уулзалт нь Ази, Номхон далайн бүсийн нутагт худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн олон улсын арга хэмжээ бөгөөд Монгол Улс 2016 оноос өндөр, дээд түвшинд оролцож ирсэн. Өмнөх уулзалтуудад Ерөнхийлөгчийн түвшинд оролцож байв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Энэ удаагийн чуулга уулзалтаар Ерөнхий сайд эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой төслүүдийг ярилцахаар төлөвлөсөн. Тухайлбал, “Эгийн голын УЦС” болон төмөр замын төслүүд, эрчим хүчний нийлүүлэлт, шатахууны хангамж, үнийн асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Засгийн газрын гишүүд, томоохон компанийн удирдлагатай уулзана. Манай улс гадаад бодлогынхоо хү¬ рээнд хоёр хөршийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдгийг гуравдагч хөршүүд сайтар ойлгодог. Мөн манай хоёр хөрш гуравдагч хөршүүдтэй харилцаагаа улам өргөжүүлэх эрмэлзлийг маань ойлгодог. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлоготой. Бүс нутгийн санаачилга, эргэн тойронд болж буй үйл явдлуудад тасралтгүй оролцох нь Монгол Улс стратегийн бие даасан бодлоготой гэдгийг дэлхий нийтэд харуулах гол хүчин зүйл” хэмээн онцолсон. Мөн тэрбээр “Япон Улс манай оронд үзүүлэх дэмжлэг, зээлээ зогсоосон гэдэг нь ор үндэслэлгүй мэдээлэл. Гадаад улсын Засгийн газрын нэрийн өмнөөс худал мэдээлэл гаргаж байгаа нь хоёр улсын харилцаа, ард иргэдийн хооронд үл ойлголцол, үл итгэлцэл үүсгэх хорлон сүйтгэх үйл ажиллагаа. Түүнчлэн БНСУ руу зорчих транзит нислэгт заавал виз авах шаардлагатай болжээ гэх мэдээлэл ч худал. Гуравдагч хөрштэй хэрэгжүүлж буй бодлогод сөргөөр нөлөөлүүлэхгүй байх, Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд хадгалах, өндөрт өргөхөд туслалцаа үзүүлэхийг олон нийтээс хүсэж байна. Зориудаар тарааж буй худал мэдээллийг нэгтгэж, хууль хяналтын байгууллагад хандана” гэв.
“АНУ-ТАЙ ДОЛОО, ОХУ-ТАЙ ХОЁР УДАА ХАМТАРСАН СУРГУУЛИЛАЛТ ХИЙСЭН”
“Восток-2022” цэргийн сургуулилалтад Монгол Улс оролцож байгаа талаар Батлан хамгаалахын сайд Б.Сайханбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр “Батлан хамгаалах яам цэргийн харилцааны шугамаар 40-өөд оронтой хамтын ажиллагаатай. Манай яам цэргийн хамтын ажиллагааны асуудалд бодлоготой, нэгдсэн үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд ч цэргийн сургуулилалттай холбоотой мэдээллийг тэр бүр дэлхий нийтэд зарлаад байдаггүй. Монгол Улс дипломат харилцаатай 10-аад оронтой хоёр талын хамтарсан цэргийн сургуулилалт зохион байгуулдаг. 2022 онд АНУ-тай долоо, ОХУ-тай хоёр удаагийн хамтарсан хээрийн сургуулилалт хийсэн. ХБНГУ, Турк, Катар, Япон зэрэг улстай ч зохион байгуулж буй. Мөн Индонез зэрэг гадаад оронд болж буй энхийг сахиулах ажиллагааны чиглэлийн сургуулиудад Монгол Улс оролцож байгаа. Эдгээрийг хийж буй гол шалтгаан нь гадаад харилцаагаа бэхжүүлэхийн зэрэгцээ улс төр, дипломатын аргаар аюулгүй байдлаа хангах явдал. “Восток” сургуулилалтад энэ жил 15 орон оролцож, ОХУ-ын Владивостокийн ойролцоо “Сергеевский” сургалтын төвд Монголын алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Монгол тэнгисийн цэргийн хүчингүй. Курилийн болон маргаантай байгаа арлуудад манай алба хаагчдыг сургуулилтад оролцож буй мэтээр бичиж, мэдээллийг гуйвуулсан. Өнгөрсөн сарын 3-9-нд Сэлэнгэд болсон сургуулилалттай холбоотой асуудлыг ярьж байгаа. Наймдугаар сарын 12-нд ОХУ-ын бүх алба хаагч, техник, хэрэгслийн хамт буцсан” гэв.
МХЕГ-ЫН ЧИГ ҮҮРГИЙГ ӨӨРЧЛӨХ НЬ
МХЕГ-ын чиг үүргийг ирэх оны эхнээс өөрчилж, заримыг нь яамд руу шилжүүлэхээр төлөвлөж буйг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэв. Түүнчлэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг гадаад, дотоодын иргэдийн дунд нээлттэй зарлах ажлыг зохион байгуулахыг Ерөнхий сайд түүнд даалгажээ. Үүнээс гадна Улаанбаатар хотын түгжрэл болон Агаарын бохирдлыг бууруулах зэрэг 20 орчим үндэсний хороог шинэчлэн байгуулжээ. Мөн ирэх оны улсын төсвийг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийт, сэтгүүлчдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэн, саналыг нь тусгаж, УИХ-д өргөн барихыг үүрэг болгосон байна.
Бэлтгэсэн Б.Уран