Монголбанкныхан манай улсын төлбөрийн тэнцлийн алдагдал энэ оны эцэст хоёр тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцоо гаргажээ. Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2013 онд 1.8 тэрбум “ногоон”-ы алдагдалтай гарсан. Уг үзүүлэлт нь түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй алдагдал юм. Тэгэхээр монголчууд энэ онд валютын ханшийн дарамтыг маш ихээр мэдрэх нь. Төвбанкнаас зарласан албан ханшаар ам.доллар 3150 төгрөгтэй тэнцээд буй. Энэ оны сүүлч гэхэд эл валютын ханш 3400 төгрөгт хүрнэ гэсэн таамаглал эдийн засагчид дэвшүүлж байна. Ам.долларын ханш төгрөгийн эсрэг чангарах хэд хэдэн бодит нөхцөл үүссэн. Үүний эхнийх нь мэдээжийн хэрэг дээр дурдсан төлбөрийн тэнцлийн их хэмжээний алдагдал.
Одоогоор төлбөрийн тэнцлийн алдагдал 1.3 тэрбум ам.долларт хүрчээ. Дахиад 700 сая ам.долларын алдагдал нэмэгдэнэ гэхээр валютын ханш өсөх дарамт улам ихэснэ гэсэн үг. Уг нь улсын валютын албан нөөц арвин байсан бол төлбөрийн тэнцлийн алдагдлаа хаагаад, ханшийн өсөлтийг тогтворжуулах боломжтой байв. Гэвч Монгол Улсын гадаад валютын албан нөөц бага учраас ханшийг тогтворжуулах боломж хомс. Төвбанкнаас мэдээлснээр манай улсын валютын нөөц 2.6 тэрбум ам.долларт хүрч багасжээ. Энэ нь манай улсын импортын дөрвөн сарын хэрэгцээг хангах хэмжээний валют. Олон улсын валютын сангаас гурван сарын импортын хэрэгцээгээ хангах валютын нөөцтэй байх шаардлага тавьдаг. Хэрэв тус сангийн гишүүн орных нь валютын нөөц гурван сарынхаа хэрэгцээг хангаж чадахгүйд хүрвэл тусгай арга хэмжээ авдаг дүрэмтэй. Тусгай арга хэмжээ нь санхүүгийн бодлогод нь оролцож, урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгон, эдийн засгийн үзүүлэлтүүдийг нь өөд татах байдаг юм.
Манай улс сард дунджаар 650 сая ам.долларын импорт хийдэг. Өөрөөр хэлбэл, гадаадаас сард ийм хэмжээний валютаар бараа, бүтээгдэхүүн худалдан авдаг гэсэн үг. Тэгэхээр валютын нөөцөө хоёр тэрбум ам.доллароос доош оруулж болохгүй юм. Монголбанк улсын гадаад валютын нөөцийг удирдах эрхтэй байгууллага. Тус банкныхан төлбөрийн тэнцлийн алдагдлыг нөхсөөр нөөц бууруулсан гэж ойлгож болно. Төлбөрийн тэнцлийн алдагдлын 99 хувийг гадаад валютын албан нөөцөөсөө нөхсөн. Тиймээс энэ оны эхэнд 3.9 тэрбум ам.долларт хүрээд байсан нөөц одоо 2.6 тэрбум руу “уруудсан” хэрэг. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нэг жилийнхээ импортын хэрэгцээг хангах валютын нөөц бүрдүүлэх хэрэгтэй гэж заасан байдаг гэнэ. Үндэсний аюулгүй байдлаа хадгалахын тулд доод тал нь 6.5 тэрбум ам.долларын нөөцтэй байх шаардлагатай.
Төлбөрийн тэнцлийн алдагдлыг валютын нөөцөөс нөхөхөөс гадна экспортын орлогоо өсгөж, зээл авч болно. Төлбөрийн тэнцлийн алдагдлаа валютын нөөцөөсөө нөхөх боломж тун хомс болсон. Одоогоор валютын нөөцийнхөө 500 сая ам.доллароор л нөхөх боломж харагдаж байна. Үүнээс хэтрүүлж болохгүй. Долларын дарамтыг “хөнгөлөх” арга Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж буй. Гэвч өмнө нь худалдаад, үнэ өртгийг түрүүлж аваад хэрэглэчихсэн, нүүрсээ урд хөршийнхөнд нийлүүлж буй. Цаашид хоёр сарын дараагаас нүүрсээ борлуулж, “шинэ мөнгө” оруулж ирэх төлөвтэй гэнэ. Тэгэхээр экспортын орлого өснө гэх найдлага бага. Хэрэв нүүрсний экспорт “Ковид-19”-ийн өмнөх жилүүдийнх шиг хэвийн байсан бол төлбөрийн тэнцлийн алдагдлаас болгоомжлохооргүй байв.
Одоо зээлийн эх үүсвэрээр төлбөрийн тэнцлийн алдагдлыг нөхөх хэрэгтэй. Засгийн газар Азийн хөгжлийн банкнаас төсвийн дэмжлэг болгон 100 сая ам.доллар зээлэхээр шийдсэн. Үүнээс гадна хөгжлийн түншүүдээсээ төсвийн дэмжлэг болгож, урт хугацаатай, бага хүүтэй 200 сая ам.доллар нэмж зээлэх гэнэ. Арилжааны банкууд бонд гаргаж, 350 орчим сая ам.доллар гадаадын зах зээлээс татан төвлөрүүлэхээр ажиллаж байгаа аж. Ийнхүү нийт 650 орчим сая ам.долларын зээл гадаадаас авах нь. Үүгээр төлбөрийн тэнцлийн алдагдлаа нөхнө гэж Монголбанкныхан тооцоолжээ. Төлбөрийн тэнцлийн алдагдлаа нөхөх нь ойлгомжтой. Яаж ийж байгаад нөхсөөр ирсэн. Харин ам.долларын ханш өсөж буй нь инфляцыг улам хөөрөгдөж, иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж байна. Инфляцын сагсыг 373 нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүнээр бүрдүүлдэг. Эдгээрийн дийлэнх буюу 203 нь импортын бараа, бүтээгдэхүүн. Тэгэхээр ам.долларын ханшийг хэт сулруулах нь нэлээд сөрөг талтай байгаа биз.
Төлбөрийн тэнцлийг сайжруулах хамгийн гол байгууллага бол Засгийн газар. Тиймээс ямар бодлого баримталж, хэрхэн хэрэгжүүлж байгаагаас нь ихээхэн зүйл хамаарна. Экспортын орлогыг нэмэгдүүлэх нь төлбөрийн тэнцлийг сайжруулаад зогсохгүй эдийн засгаа тэлэх хамгийн гол арга. Ойрын жилүүдэд экспортын орлого төлбөрийн тэнцлийг сайжруулахад гол нөлөө үзүүлж чадахгүй. Тиймээс дарамтыг бууруулах ямар арга замууд байгааг эхлээд бодох ёстой. Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Засгийн газар томоохон төсөл, хөтөлбөрөө дотоодын буюу төгрөгийн эх үүсвэрээр биш, гадаадын зээл, санхүүжилтээр хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулна” гэж үзэж байлаа. Том төсөл хэрэгжүүлэхийн тулд техник, технологи, бараа материал гадаадаас худалдаж авах болно. Төгрөгөө ам.долларт хөрвүүлж байж худалдаа хийх боломжтой. Тэгэхээр энэ нь ам.долларын гадагшлах урсгалыг нэмэгдүүлж байна гэсэн үг. Хэрэв гадаадын зээлээр санхүүжүүлбэл дотоодын зах зээлд ам.доллар орж ирнэ. Түүгээр нь бараа, материал худалдаж авна. Ингэхээр төлбөрийн тэнцэлд дарамт болохгүй гэсэн санаа аж.
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл энэ сард хуралдахаар зэхжээ. Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилогдсон, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар инфляц өсөж байгаа учраас бодлогын хүүг нэмэгдүүлж, мөнгөний бодлогыг хатууруулах хэрэгтэй гэж мэдэгдсэн. Өнгөрсөн сард дисинфляцтай байв. Өөрөөр хэлбэл, инфляц буурсан гэсэн үг. Инфляц буурч буй үед бодлогын хүүг нэмэгдүүлэх нь зөв сонголт биш. Арилжааны банкууд зээл олголтоо хязгаарлаж, маш болгоомжтой хандах болсон. Ийм тохиолдолд бодлогын хүүг өсөх нь эерэг үр дүн авчрахгүй. Харин Монголбанкнаас долларжилтийг бууруулах бодлогын арга хэмжээ авахаар бэлтгэж байгаа гэнэ. Цаашлаад энэ нь төлбөрийн тэнцэл хийгээд ханшийн дарамтыг бууруулахад тустай нь мэдээж. Төвбанк ам.долларын хадгаламжийг хүүгүй болгох шийдвэр гаргаж магадгүй. Долларын дарамтыг бууруулахын тулд том төслүүдээ гадаадын зээлээр санхүүжүүлэх, долларжилттой тэмцэх бодлого баримтлах бололтой.