Австралид байнга оршин суухаар очиж буй цагаачдын тоо дээд хязгаарыг давсан тухай Австралийн Дотоод хэргийн сайд Клэр О’Нил твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Одоо энэ тоо 195 мянга болсон нь өмнөх жилүүдээс 35 мянгаар илүү байна. 2013-2019 онд 190 мянган байсан байнга оршин суух хүсэлтэй цагаачийн тоо цар тахлын өмнөхөн 160 000 болж буурсан аж. Тус улсад ажиллах хүч дутагдаж байгаа нь цагаачдын тоо нэмэгдэхэд нөлөөлжээ. Цар тахал дэгдэж эхлэхтэй зэрэгцэн хилээ бараг бүрэн хааж, гадаадын оюутнуудыг гарснаар боловсон хүний хомсдол үүссэн гэнэ. Австралийн ажилгүйдлийн түвшин долдугаар сард сүүлийн 50 жилд байгаагүй бага буюу 3.4 хувь болжээ.
Австралийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тэргүүн Эндрю Маккелларын хэлснээр бизнес эрхлэгчид Засгийн газрынхаа шийдвэрийг сайшааж байна. “Сүүлийн 48 жилийн хугацаанд байгаагүй ихээр ажиллах хүч, мэргэжилтэй ажилтны хомсдол нүүрлэж байгаа энэ үед цагаачдын урсгалыг нэмэгдүүлж, визийг урт хугацаагаар олгох болсон нь ажиллах хүчний эрэлтийг хангахад зайлшгүй шаардлагатай алхам мөн” гэж тэрбээр хэлжээ.