Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)- оос туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилтийн судалгаа хийж, дүнг нь өчигдөр олон нийтэд танилцууллаа. Европын Холбооны санхүүжилтээр тус комиссоос “Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь” төслийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Архангай, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий аймагт хэрэгжүүлжээ. Эл төслийн хүрээнд судалгаа хийсэн бөгөөд зургаан аймгийн 18 сумын 1244 малчныг хамруулсан аж. Туслах малчнаар ажилладаг гурван өрх тутмын хоёр нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой бөгөөд тэдний цалин, хөлс хөдөлмөрийн зах зээлийн тогтсон жишгээс доогуур байх нь түгээмэл гэсэн дүгнэлтийг уг судалгаагаар гаргажээ. Мөн тэдний 94.6 хувь нь долоо хоногийн өдөр бүр буюу амралтгүй ажилладаг гэнэ. Хугацааг нь нарийвчлан тооцоход эрэгтэйчүүд өдөрт 10.28, эмэгтэйчүүд 9.65 цаг хөдөлмөрлөдөг гэсэн дүн гарсан байна. Түүнчлэн судалгаанд хамрагдсан малчдын 8.6 хувь буюу 101 нь бие махбод болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж байсан гэжээ. Хүчирхийлж буй хүмүүсийн 18.3 хувь нь ажил олгогч малчин, 27.2 хувь нь тэдний гэр бүлийн гишүүд аж.
“Улсын хэмжээнд 20 000 гаруй иргэн туслах малчнаар ажиллаж буй. Туслах малчны хөдөлмөрийн харилцааг ихэвчлэн аман тохиролцоогоор зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, албан ёсны гэрээ байгуулдаггүй учраас хөдөлмөрлөх эрхийн зөрчил олон гардаг нь судалгааны үр дүнд харагдлаа. Тэд цалин хөлсөө ихэвчлэн мөнгөн бус хэлбэрээр авдаг. Уг хөдөлмөрийн хөлс нь туслах малчдын аж амьдралд хүрэлцэхгүй байна” гэж ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул дурдав. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад туслах малчны хөдөлмөр эрхлэлтийг нарийвчлан тусгасан билээ. Туслах малчны хөдөлмөр эрхлэлт төдийлөн үнэлэгддэггүйн зэрэгцээ эрх нь байнга зөрчигддөг тул ийнхүү хуульчилсан байдаг.