Италийн “Ювентус” болон Францын шигшээ багийн хагас хамгаалагч П.Погба өвдөгний гэмтлээ илаарьшуулж байгаа учир энэ улиралд хараахан талбайд гараагүй. Түүний гол зорилго нь арваннэгдүгээр сарын 20-нд Катар улсад эхлэх ДАШТ-ий өмнө формдоо ороход оршиж буй. Тийм ч учраас П.Погба өвдгөндөө мэс засал хийлгэлгүй, эмчилгээний тун энгийн аргыг сонгосон юм. Хэдий ийнхүү талбайн гадна нам жим аж төрж байгаа ч франц тоглогч саяхан дуулианы бай болов. Тэр тусмаа гэмт хэрэг, сүрдүүлэгтэй холбоотой дуулианд холбогдсон тул спорт сонирхогчдоос гадна өөр олон хүний анхаарлыг татаж эхэллээ. Тодруулбал, гэмт хэрэгтнүүд түүнийг сүрдүүлж, 13 сая евро нэхэж буй юм.
Эл дуулиант хэргийн эхлэл энэ оны гуравдугаар сард тавигджээ. Францын шигшээ баг мөн сарын 25, 29-нд Кот д`Ивуар, ӨАБНУ-ын багтай нөхөрсөг тоглолт хийсэн. П.Погба шигшээ багийн эл завсарлагын үеэр Парисын дагуул хотуудын нэг, өөрийн төрж, өссөн Ланьи-сюр-Марнд очиж гэр бүл, найз нөхөдтэйгөө уулзахаар шийдсэн байна. Тэрбээр Ланьи-сюр-Марнд багын хэдэн найзтайгаа уулзсан агаад тэдний дунд винтов буу агсаж, баг, малгайтай цамц өмссөн хоёр эрэгтэй хүн байжээ. Тэд П.Погбаг эзэнгүй байранд оруулж, мэргэжлийн хөлбөмбөгч болсноосоо хойш биеэ тоож, өөрсдөд нь санхүүгийн тусламж үзүүлэхээ больсон хэмээн буруутгаж эхэлсэн гэнэ. Тиймээс үүний төлөөс болгож 13 сая евро өгөхийг өнөөх хоёр эрэгтэй Полиос шаарджээ. Тодруулбал, 13 нас хүртэл өөрийг нь хамгаалж байсан учир жилийн нэг сая еврогоор тооцож өдий хэмжээний мөнгө өг хэмээн сүрдүүлсэн аж.
П.Погбагийн өгүүлснээр тэрбээр дарамтлагч этгээдүүдийг хэд хэдэн удаа, тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард Манчестерт, долдугаар сард “Ювентус”-ийн бэлтгэлийн баазын ойролцоо байхыг нь харжээ. Хамгийн гол нь эдгээр этгээдтэй төрсөн ах Матиас нь холбоотой болохыг Поль мэдсэнээр энэ талаар хувийн хуульч, “Ювентус”-ийн хамгаалалтын албанд мэдээлж, удалгүй цагдаагийн газарт хандсан байна.
Цагдаа нарт П.Погбагийн өгсөн мэдүүлгийн зарим хэсгийг “France Info” мэдээлснээр эл хэрэг явдал олны анхаарлын төвд орсон юм. Ланьи-сюр-Марны найзуудтайгаа холбоотой хэвээр, тэдэнд байнга мөнгөөр тусалсаар ирсэн гэдгээ П.Погба өгүүлжээ. Нэгэн таагүй явдал гарах хүртэл буюу өнгөрсөн оны нэгдүгээр сар хүртэл эл явдал үргэлжилсэн аж. Тухайн үед Погба банкны картыг нь хулгайлж, дотроос нь 200 мянган евро авахыг оролдсон найзыгаа Манчестер дахь гэрээсээ хөөсөн байна. Хамгийн инээдтэй нь шигшээ багийн анд, Францын ПСЖ багийн довтлогч К.Мбаппег гэмтээхийн тулд бөөгөөс тусламж хүсэх хэрэгтэй гэж гэрийнхэндээ ярьсныг нь хэвлэл мэдээлэлд хэлнэ хэмээн хорон санаатнууд П.Погбаг айлгаж байжээ. Гэхдээ үүнийг цагдаа нар тэдний бодож олсон хуурамч түүх гэж үзэж байгаа юм.
Гэмт хэрэгтнүүдтэй хамтран ажиллаж буй, П.Погбагийн ах Матиас (32 настай) алдар нэртэй биш боловч мэргэжлийн хөлбөмбөгч байсан нэгэн. Тэрбээр саяхан нийгмийн сүлжээндээ видео бичлэг тавьж, дүүгийнхээ олон алдаа, нууцыг дэлгэнэ, тэдгээрийг нь батлах цөөнгүй гэрч байгаа гэж өгүүлжээ. Түүнчлэн хэвлэл мэдээлэл бодит мэдээллийг нууж, хэтэрхий их дуулиан дэгдээж буйгаас гадна дүү нь Италийн цагдаа нарт дан худал зүйл ярьсан хэмээсэн байна.
Цагдаа нар эл асуудлыг шалгаж эхэлснийг П.Погбагийн хуульч нар нотолсон ч ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзжээ. “Нийгмийн сүлжээнд Матиас Погбагийн оруулсан бичлэг нь бидний хувьд харамсалтай нь гэнэтийн явдал байгаагүй. Чухам ийм заналхийлэл, бүлэглэсэн үйл ажиллагаа сүүлийн үед П.Погбаг чиглэх болсон. Түүнийг сүрдүүлж, мөнгө нэхсэн хэргийг Итали, Францын хүчний байгууллагууд сарын өмнөөс мөрдөж эхэлсэн. Мөрдлөгийн талаарх мэдээллийг бид одоогоор өгөх боломжгүй” гэсэн мэдэгдлийг П.Погбагийн хуульчид гаргажээ.
Бэлтгэсэн Н.Энх