Валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд өчигдөр ам.долларыг 3216 төгрөгөөр худалдан авч, 3224-өөр зарж байв. Энэ нь америк мөнгөн тэмдэгтийг авах ханш нь хоёр сарын өмнөхөөс гэхэд 73, борлуулах нь 76 төгрөгөөр өссөн үзүүлэлт боллоо. Тэгвэл хагас жилийн өмнөхтэй харьцуулахад уг валютыг авах ханш даруй 334, худалдах нь 338 төгрөгөөр өсөөд (11.6 болон 11.7 хувиар) буй нь энэ. Өнгөрсөн хоёрдугаар сарын эхнээс хойш ам.долларын ханш ийнхүү тасралтгүй чангарсаар байгаа юм. Дийлэнх арилжааны банкуудын бэлэн бус ханшаар өчигдөр “ногоон”-ыг авах нь 3188, зарах нь 3198 төгрөг байлаа. Тэгвэл Монголбанкнаас зарласан ханшаар ам.доллар 3197.42 төгрөгтэй тэнцэв. Тус банк энэ сард гадаад валютын найман удаагийн дуудлага худалдаагаар 345 сая “ногоон” нийлүүлжээ. Манай улсын гадаад валютын албан нөөц өнгөрсөн оны наймдугаар сард 4.43, энэ жилийн нэгдүгээр сард 3.94 тэрбум ам.доллар байв. Тэгвэл өнгөрсөн долдугаар сарын байдлаар уг дүн 2.87 тэрбум болж буурсан аж.