Манай улсын дуурийн урлагийн нэрт төлөөлөгч, баритон Э.Амартүвшинд Ардын жүжигчин цол, тэмдгийг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гарагт гардууллаа. Уг цолыг хүртээх зарлигийг өмнө нь хэдийн гаргасан ч дуучин олон улсад тоглолттой байснаас гардан авч чадаагүй байв. Тэрбээр тоглолтуудаа өндөрлүүлээд эх орондоо ирснээр шагналыг нь ийнхүү олгов. Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Монголын сонгодог урлагийн дэг сургууль, чадвар, чансааг олон улсын тавцанд хүлээн зөвшөөрүүлж, дэлхийн хэмжээний дуучин хэмээн үнэлэгдэн, эх орныхоо нэр хүндийг өсгөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшинд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээв” хэмээн мэдэгдсэн.
Өдгөө 36 настай Э.Амартүвшин сурагч байх үеэсээ дуулж, улмаар СУИС-д суралцан, дуурийн дуучин болсон түүхтэй. Тэрбээр олон улсад нэр хүндтэй бүхий л уралдаанд тэргүүн байр, гран при шагнал хүртэж ирсэн гавьяатан. Бүтээсэн дүр олонтой. 2018 оноос хойш гэхэд гадаадын нэр хүндтэй театруудад дуурийн урлагийн мастер Ж.Вердийн “Риголетто”-гийн Риголетто, “Набукко”-гийн Набукко, “Аида”-гийн Амонасрогийн дүрийг бүтээсэн. Мөн суут хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн “Тоска” дуурийн Скарпиа, Ж.Вердийн “Хувь заяаны хүч”-ийн Дон Карло, “Багт наадам”-ын Анкастром зэрэг гол дүрд тоглосон юм.