Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирэв. Гадаад хэргийн сайд Пак Жин-ийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун болон албаны бусад хүмүүс угтав.
Гадаад хэргийн сайд Пак Жин-ий Монгол Улсад хийж буй энэхүү айлчлал нь БНСУ-ын Гадаад хэргийн сайдын 8 жилийн дараа Монгол Улсад хэрэгжиж буй айлчлал юм. Айлчлалын үеэр Пак Жин Сайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхаж, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Тэрээр энэ өдөр БНСУ-ын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд Монгол Улсад хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцаж, Стратеги судлалын хүрээлэнгийн удирдлага болон монголын залуу эрдэмтэд судлаачидтай дугуй ширээний уулзалт хийхээр төлөвлөж байна.