Мянганы сорилтын сангийн хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр Хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд барьж байгуулах Ус дахин боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслол өчигдөр болж өнгөрлөө.
Шав тавих ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн хэрэг хариуцсан туслах, төрийн нарийн бичгийн дарга Даниел Ж.Критенбринк, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески болон төслийн ерөнхий туслан гүйцэтгэгч М-Си-Эс Проперти компанийг төлөөлж М-Си-Эс Группийн ерөнхийлөгч Ж.Од, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, АНУ-ын Төрийн Департамент, Мянганы сорилтын корпорацын төлөөлөл, Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийн гишүүд, хамтран ажиллагч агентлаг, байгууллагуудын удирдлага, төлөөллүүд оролцлоо.
Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр М-Си-Эс Проперти компани, үйлдвэрийн технологийн зураг төслийг дэлхийд тэргүүлэгчид болох Францын “Egis Water and Maritime”, “Veolia Water Technologies” компаниуд хийж гүйцэтгэх юм. Ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгч М-Си-Эс Проперти компани нь Шангри-Ла цогцолбор, Кока-Кола үйлдвэрийн барилга, Скай Резорт гольф, цанын бааз, Интермед эмнэлэг, шинэ нисэх онгоцны буудлын онгоцны засвар үйлчилгээний байгууламж, Оюутолгойн гүний уурхайн барилга байгууламжууд болон Ухаа Худаг уурхайн бүтээн байгуулалт зэрэг дотоодын 60 гаруй томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэн барилга угсралт, төслийн менежмент, инженеринг чиглэлд арвин туршлагатай компани юм. Арга хэмжээний үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Б.Даваа-Очир “М-Си-Эс Проперти компани нь Мянганы Сорилтын Корпорацын шалгуураар олон улсын байгууллагуудтай өрсөлдөн тус төслийн гүйцэтгэгчээр шалгараад байна. Үндэсний компани Ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл, барилга байгууламж, технологийн угсралтын ажлыг дотоодын болон олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэх болсон нь монгол компани дэлхийд өрсөлдөж чадаж буйн нэг илрэл” хэмээн онцолсон юм.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Та бид өнөөдөр Улаанбаатар хотын түүхэнд тэмдэглэгдэх томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэх үйл явдлын гэрч болж байна. Энэ бол Монгол Улсын хувьд анхны том хэмжээний Ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх явдал юм. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд одоогоос яг нэг жилийн өмнө бид ирээдүйд Улаанбаатар хотыг, цаашлаад дагуул хотууд, шинэ суурьшлын бүсүүдийг усаар хангах Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг Сонгинохайрхан уулын бэлд эхлүүлсэн. Харин өнөөдөр Та бидний хуран цуглаад буй энэ талбайд Компакт гэрээний санхүүжилтээр барих хоёр дахь бүтээн байгуулалт болох Ус дахин боловсруулах үйлдвэр сүндэрлэн босох болно. Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийн бас нэг ач тус, онцлог чанар нь бидний олон жил буруу ярьж хэвшсэн саарал ус буюу хүрээлэн буй орчинд нийлүүлэх хаягдал усыг боловсруулан ашиглаж газрын гүний цэвэр цэнгэг усыг хэмнэх бодит боломж бүрдэх юм” гэв.
АНУ-ын МСК-ын Компакт гэрээний үйл ажиллагааны газрын Дэд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Камерон Алфорд “Монгол Улсын нийслэл Улаанбаатар бол дэлхийн хамгийн их усны хомсдол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөж болзошгүй хотуудын нэг. Өнөөдөр шавыг нь тавьж буй энэ үйлдвэр Улаанбаатар хотын хүн ам, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг аюулгүй, тогтвортой усаар хангахын зэрэгцээ нийслэл хотын уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой” гэв. Харин АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн хэрэг хариуцсан туслах төрийн нарийн бичгийн дарга Даниел Ж. Критенбринк хэлсэн үгэндээ “462 сая ам.долларын энэхүү хөрөнгө оруулалт бол манай хоёр ард түмний бат бэх түншлэлийн жинхэнэ бэлгэ тэмдэг юм” хэмээн онцоллоо.
Бүтээн байгуулалтын ажил 2025 оны нэгдүгээр улиралд дуусаж, туршилт тохируулгын ажил үргэлжлэх бөгөөд улмаар 2025 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. Ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор шинээр баригдаж буй Төв цэвэрлэх байгууламжаас Туул голд нийлүүлэх цэвэрлэсэн уснаас өдөрт 50 мянган метр кубыг авч дахин боловсруулж, дулааны цахилгаан станцуудын техникийн хэрэглээний зарим хэсгийг хангах зориулалтаар нийлүүлнэ. Үр дүнд нь жилдээ 18 сая гаруй метр куб буюу Улаанбаатар хотын орон сууцанд амьдарч буй нийт айл өрхийн 2021 оны жилийн усны хэрэглээний 50 хувьтай (орон сууцанд амьдарч буй нийт 102,247 айл өрхийн усны жилийн хэрэглээ) тэнцэх хэмжээний гүний цэнгэг усыг хэмнэж, хүн амын унд, ахуйн хэрэгцээнд ашиглах боломж бүрдэнэ. Энэ бол Монгол Улсын эрчим хүчний салбарт дахин боловсруулсан ус ашиглах анхны туршлага бөгөөд цаашдаа аж үйлдвэрлэлийн бусад олон салбарын хэрэглээнд нэвтрүүлэх, Улаанбаатар хотын усны хязгаарлагдмал нөөцийг хариуцлагатай, үр ашигтайгаар удирдах чиглэлд чухал хувь нэмэр оруулна.
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.