Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Сингапурын Хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Конг Вай Ман, “Tiger airways” агаарын тээврийн компанийн удирдах захирал Хо Юэн Санг нарыг хүлээн авч уулзлаа. Талууд Сингапурын сайн туршлагыг Улаанбаатар хотод нэвтрүүлэх асуудлаар санал солилцсон юм. Уулзалтын эхэнд хотын дарга Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн долдугаар сард Бүгд Найрамдах Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлал нь Улаанбаатарт онцгой ач холбогдолтой байсан талаар онцлов. Тэрбээр айлчлалын үеэр “Нийслэлийн хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ болон Сингапурын “Си Пи Жи интернэшнл” ХХК-ийн хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг дурдаад, Улаанбаатар хотын хөгжлийг шинэ шатанд гаргахад чиглэсэн олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдсэн хэмээв. Мөн нийслэлийг ногоон хөгжлийг эрхэмлэсэн, хүртээмжтэй бөгөөд тогтвортой хот болгон хөгжүүлэхээр ажиллаж байгаа талаар дурдлаа.
Сингапурын Хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Конг Вай Ман Улаанбаатар хотын хувьд орлогод нийцсэн орон сууц, нийтийн тээвэр, дахин төлөвлөлт, хүн амын төвлөрлийн асуудалд анхаарах чухал шаардлагатай бөгөөд Сингапурын жишгийг нутагшуулах нь зөв шийдвэр болно гэдгийг онцлов. Түүнчлэн Улаанбаатарт сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл ихээр үүсэж буй гэж харж байгаагаа илэрхийлээд, энэ тал дээр Сингапурын сайн туршлагыг хуваалцан, хамтран ажиллахад бэлэн байгаагаа дурдлаа.
Нийслэлийн тухайд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулж, 27 жилийн дараа эрх зүйн шинэчлэл хийсэн. Нийгэм, эдийн засгийн хувьд Улаанбаатар бие даан хөгжих санхүү, эрх зүйн чадамжтай болж, хотод тулгамдаад буй хөгжлийн томоохон асуудлыг шийдвэрлэх суурь боломж бүрдсэн. Иймд Сингапурын сайн туршлагыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах өргөн боломж бий гэдгийг хотын дарга хэлж байлаа. Уулзалтын төгсгөлд талууд хамтран ажиллах боломжуудыг судлахаар тогтлоо.