Өсвөр насны хүүхдүүд ахуйн хий үнэрлэх, донтох явдал сүүлийн жилүүдэд ихэссэнийг СЭМҮТ-өөс анхааруулсаар буй. Мөн ШӨХТГ сургуулийн ойр орчимд ахуйн хий болон цахилгаан тамхи худалдахгүй байх асуудлыг хөндсөөр байгаа. Тэгвэл Төв аймгийн удирдлага хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор 18 нас хүрээгүй хүнд ийм төрлийн бүтээгдэхүүн худалдахыг хориглосон шийдвэр гаргажээ. Мөн сургууль, цэцэрлэгийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг газруудад ахуйн хий, тамхи, архи, согтууруулах ундааг онцгой хяналттайгаар худалдан борлуулах зөвлөмж хүргүүлсэн байна.