Засгийн газар 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөгөөндөө Алтайн өндөр уулсыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлнэ гэж тусгажээ. Үүнтэй холбоотойгоор 2020 оны арванхоёрдугаар сард шаардлагатай баримт, материалыг бүрдүүлэн, Дэлхийн өвийн төвд хүргүүлж байжээ. Тэгвэл энэхүү ажлыг хариуцаж буй шинжээчид саяхан манай улсад ажиллаад буцсан байна. Тодруулбал, Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөл (ICOMOS)-ийн шинжээч Кай Вайс, Дэлхийн байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны шинжээч Сонали Гош нар Монголд 10 хоног ажиллажээ. Шинжээчид манай улсын зүгээс байгалийн болон соёлын ангиллаар дэлхийн өвд бүртгүүлэх хүсэл тавьсан Алтай Таван богд, Сийлхэмийн нурууны байгалийн цогцолборт газар дахь буган чулуун хөшөө, дөрвөлжин булшны олдвор, Түрэгийн үед холбогдох хүн чулуу, хиргисүүрүүдтэй танилцсан аж. Хэрэв Алтай Таван богд, Сийлхэмийн нурууг дэлхийн өвд бүртгүүлж чадвал энэ нь олон улсад “данстай” Монголын анхны холимог өв болох нь.
Бэлгэсэн Н.Буян