УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Эрчим хүчний сайд нарын мэдээлэлтэй танилцлаа.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Эгийн голын усан цахилгаан станцын ажлын талаар дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр “Энэ оны есдүгээр сарын 31-н гэхэд Биологийн олон зүйлд нөлөөлөх үнэлгээний ажил дуусна. Бид өнгөрсөн долоо хоногт энэхүү үнэлгээний ажлыг хийж байгаа Францын компанийн ажлын явцтай танилцсан. Нэмэлт арга хэмжээнүүд авч чадвал Эгийн гол дээр УЦС барьснаар ОХУ-ын нутгаар урсах Сэлэнгэ мөрөн болон Байгаль нуурт нөлөөлөл бага байна гэдэг урьдчилсан мэдээлэл өгсөн. Энэ их сайн мэдээ. Харин Монгол Улсын нутгаар урсах Сэлэнгэ мөрний урсцад нөлөөтэй байна гэж үзэж байгаа. Үүнд дотооддоо нэмэлт арга хэмжээ авах ёстой гэдэг зөвлөмжийг урьдчилсан байдлаар өгсөн.
Бид энэ үнэлгээг аваад Дэлхийн өвийн төвд хүргүүлэх ёстой. Дэлхийн өвийн төв дэргэдэх Олон улсын байгаль орчны нийгэмлэгээрээ хянуулж, дүгнэлт гаргуулна. Энэ дүгнэлтийг ЮНЕСКО-гийн хуралд оруулах учиртай. Энэ нь жилд нэг удаа хуралддаг.
Энэ жилийн тухайд долдугаар сард хуралдах тов гарсан байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсон. Амжвал бид энэ жилийн хуралд оруулахаар ажиллаж байна.
Сая НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг ирэхэд энэ асуудлыг тавьсан. Ямартай ч бид өөрсдөөс шалтгаалан бүх бэлтгэлээ базааж байгаа” гэлээ.