Эрх нь хэтэрсэн хүүхэд эцгийн толгойгоор маажиж тоглоно гэгчээр Үндсэн хуулиа ойр ойрхон өөрчлөх цаг үе нь одоо мөн үү.
Нэг. Жинхэнэ эх оронч, тэргүүний шилдэг сэхээтнүүдээ УИХ-д оруулахгүй, сонгуулийн луйвраар байнга хасаад сурчихсан. Сонгуулийн тойрог, Төрийн ордон хоёроос салдаггүй, эрүүгийн ямар ч хэрэг хийсэн шоронд ордоггүй, хөрөнгө мөнгөтэй, мафийн сэтгэлгээнээсээ бүрэн салж чаддаггүй гишүүдээс голлон бүрдүүлсэн УИХ-тай. Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага гэдэг төрт ёсны зарчмаасаа зарим талаараа хазайхад хүрсэн. Ийм хэцүү үеийг давж, ид шидтэй мэт төгс сайн Үндсэн хуулийн өөрчлөлт хийнэ гэхэд итгэл үнэмшил нэг л төрөхгүй байна. 2019 оны арваннэгдүгээр сарын 14- ний Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр монгол хүнд өмчилсөн газрыг хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд хураан авна гэж заасан. Эрүүгийн хуульд оруулдаг үгээ Үндсэн хуульд ийнхүү тусгасан. Үндсэн хуулийн 6.4-т газрыг харшаар ашиглавал хураан авна гэж заав. Үүний оронд 0.07 га газрыг монгол хүн бүрт олгоно гэдгийг Үндсэн хуулиараа баталгаажуулсан бол нийгмийн сонирхолд бүрэн нийцэх байлаа. Тусгаар тогтнолын үндсэн баталгаа нь газар шороо байдгийг хэзээ ч бүү март. Эртний ухаант хаадууд “Бурхан гуйсан ч бүү өг” гэж газар нутгаа хамгаалсан байдаг. Наанадаж л Үндсэн хуулийн энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр уг алдаагаа засахгүй бол урагшлахгүй, ухрах болно. Газар, хүн хоёр хүйн холбоотой, амь нэгтэй байдгийг төр Үндсэн хуулиараа баталгаажуулах үүрэгтэй.
Хоёр. Улс орныхоо алс холын ирээдүйг эхлээд бодох сэтгэлийн тэнхээгүй, номтой хүний үгийг анхаардаггүй, мөнгөтэй хүний үгийг сайн сонсдог болсноороо төрийн ариун чанар буюу цэвэр тунгалаг байх ёстой зарчим алдагдав. Төрд байх ёстой, төрийн жинхэнэ хүн ховордож, энэ улс оронд эзэн байна уу гэж өөрөө өөрөөсөө асуух хүртэл нийгмийн хүйтэн чанар нь ихэслээ. Ээжээ алдсан хүн хэдэн жил уйлна, эх орноо алдсан улс үндэстэн хэдэн үеэрээ уйлна гэдгийг санаж, хашир бай.
Гурав. Үндсэн хуулийн өөрчлөлт хийнэ гэдэг нь цаанаа далд бодлого агуулгатай. Түүнээс биш наад талын уран сайхан үгэнд хууртаж, түүнийг даган баясаж, сэтгэлийн хөөрлөөр хийдэг зүйл биш. Заавал төрийн хар хайрцгийн хэмжээний бодлогоор явах ёстойг санаж яваарай.
Дөрөв. Төрийн сонгууль болон Үндсэн хуулийн өөрчлөлтөд зөвхөн нам шүтэж санал өгвөл тэр чинь өөдөө хаясан чулуу болон өөрийн толгой дээр унахгүй. Харин хэдэн үеийн дараах хүүхдүүдийн толгой дээр жин нь нэмэгдэж унана гэдгийг яагаад тоохгүй байна вэ?
Тав. Үндсэн хуулийг өөрчлөх гээд байгаа нийгмийн ухамсар, сэтгэл зүйн зөв төлөвшилт, хандлагыг дээшлүүлэх ёстой. Эх оронч үзэл гэдэг бол эхээс хамт төрдөг үнэт зүйл. Харин намчирхах үзэл гэдэг бол нийгмийн, улс төрийн эрх мэдлээ удаан хадгалах улс төрийн гажуудлаас үүссэн олдмол зүйл гэдгийг шударгаар хэлэх эх оронч удирдагч өнөөдөр хэд байна вэ?
Зургаа. Үндсэн хуулийн үг бүхэн эх орны тусгаар тогтнолын үнэтэйг бүү март. Эх оронч үзэл үгүй бол улсын тусгаар тогтнол үгүй. Үндсэн хуулийн амин сүнс нь эх оронч, тусгаар тогтнолоо хамгаалах үндэсний үзэлд оршдог. Монголчууд бид зөвхөн өөрийн амьдардаг гэр орныхоо тусгаар тогтнолын баталгааг л боддог. Харин эх орныхоо тусгаар тогтнолын баталгааг боддоггүй болчихсон. Энэ нь дордохын долоон өөрчлөлтөөс эхлээд Үндсэн хуулиараа төрийн нэрээр тоглох гол үндэс суурь нь болоод байна. Ээтэн хоншоортой гутлаараа бөмбөрцгийн талыг эзэлж, дэлхийн их түүхийг бичсэн эзэн Чингисийн үр сад монголчууд бид хөх тэнгэрийн зулайг харах, алс холын ухаантай, цаст уулын мөнхийн оргил шиг сүлд хийморьтой явах цаг үе ирээд байгааг Төрийн ордны эрхмүүдэд өвгөн би бээр мунхаглан бичихийг оролдов.