Өнөөдөр бидний нүдний өмнө байгаа дэлхий тун удахгүй өөрчлөгдөнө хэмээн хэлчихэд буруутан болохгүй биз. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүний суусан онгоц 2022 оны наймдугаар сарын 2-нд Тайвань арлын Суньшинь буудалд газардсанаар Хятад, өнөөгийн Өрнөд хоёрын хооронд шинэ хүйтэн дайн эхэлсэн хэмээн ирээдүйн сурах бичгүүдэд тэмдэглэгдэх болно. Энэ хүйтэн дайн хэрэв халуун дайн л болчихдоггүй бол Хятад түүнд ялахад эргэлзэх юм үгүй. Нэнси Пелоси амласнаараа Тайваньд очиж азаа үзэх нь үү, хэрэв тэр ийм эрсдэлтэй алхам хийвэл Хятад дэлхийн III дайныг эхлүүлэх үү хэмээн наймдугаар сарын тэр өдөр дэлхий амьсгаагаа даран хүлээж байлаа. Америкийн Конгрессын тэргүүн эрсдэлтэй алхмаа ч хийлээ, Хятад ч хариуд нь хамгаас шийдвэртэй эсэргүүцлээ илэрхийллээ.
Үүний дараа Хятад манай гараг дээрх өөрийн эзэлж буй байр суурийг цэгнэн үзэж, бодит байдлыг өөрчлөхөөр шийдэв. Түүнд хүч ч, мөнгө ч бий, наймдугаар сарын 2-ноос хойш харин хүсэл бий болов. Хятад чухам аль чиглэлд хөдлөхийг таамаглахын тулд харьцангуй саяхны нэгэн түүхийг эргэж санах хэрэгтэй болно. Ингэхгүйгээр АНУ, Тайвань, Хятадын төөрч будилсан ашиг сонирхлын учрыг олоход төвөгтэй. Чан Кайши болон түүний Гоминьдан намаар удирдуулсан Бүгд Найрамдах Хятад Улс дэлхийн II дайнд ялагчдын нэгийн нь эрхийг эдэлж 1945 онд дөнгөж байгуулагдаад байсан Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ын Аюулгүйн зөвлөлд өөрийн суудалтай болов. Гэтэл удалгүй Хятадад Гоминьдан хийгээд Коммунист намын хооронд иргэний дайн эхэлж, Гоминьдан ялагдаад удирдлага нь Дэлхийн II дайны үр дүнгээр Хятадаас салсан Тайвань арал руу зугтав. Ийнхүү Хятадын Коммунист нам (ХКН) тухайн үед хагас тэрбум гаруй хүнтэй эх газрын Хятадыг бүхэлд нь хянах болсон ч НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн биш байлаа. Гоминьдан найман сая хүрэхгүй хүнтэй жижигхэн арлыг захирсан хэрнээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралд элч нь сууж, нийт Хятадын эрх ашгийг төлөөлж байв. Коммунист Хятадыг ЗХУ-аас бүрмөсөн салгаж өөрийн хүрээлэл рүү татахаар америкчууд шийдсэнээр 1971 онд бүх юм өөрчлөгдлөө. Бээжин, Москва хоёрын харилцаа хоёр тийш болох нь тэр. Эхлээд Төрийн нарийн бичгийн дарга Генри Киссинжер, дараа нь Ерөнхийлөгч Ричард Никсон коммунистуудаас цэрвэдгээ орхиод БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, Америкийн аварга том зах зээл удалгүй Хятадад нээлттэй боллоо. Хятад улс сав суулга, хувцас хунараас эхлээд компьютер, нарийн хийцтэй суурь болон автомашин, зэвсэг гээд бүгдийг хийдэг асар том цех болж хувирлаа. Гэлээ ч америкчууд Чан Кайшигээ орхисонгүй. Тэр 1971 ондоо “Тайваньтай харилцах тухай хууль” гэгчийг баталж, түүнд зааснаар Бээжин түрэмгийлэл үйлдсэн тохиолдолд арлыг цэрэг, зэвсгээр хамгаалах, АНУ “Нэг Хятад” бодлогыг хүлээн зөвшөөрсөн хэрнээ Бүгд Найрамдах Хятад (Тайвань) Улсад зэвсэг нийлүүлэх үүрэг хүлээв. АНУ одоо энэ хуулийг архиваас ухан гаргаж ирээд, чангаар уншиж Хятадын хорыг малтах боллоо.
АНУ хийгээд Өрнөдийг бүхэлд нь оруулаад дэлхий дахины хувьд Тайвань арал тусгаар тогтноогүй байгаа юм. “Хятад” гэдэг нэрийг булаацалдсан нэг тэрбум 443 сая хүнтэй БНХАУ (Эх газрын Хятад) гэх, 24 сая хүнтэй Бүгд Найрамдах Хятад (Тайвань арал) гэх хоёр орон буй ч газрын зураг дээр зөвхөн нэг Хятад улс байгааг дэлхий дахин “Нэг Хятадын бодлого” хэмээн хүлээн зөвшөөрч байдаг юм. БНХАУ-ыг хүлээн зөвшөөрсөн улсууд Бүгд Найрамдах Хятадыг хүлээн зөвшөөрдөггүй. Үүний яг эсрэг бодолтон ч бас байна. Нэгийг нь хүлээн зөвшөөрсөн улсууд нөгөөтэй нь дипломат харилцаагаа аяндаа тасалдаг. Латин Америкийн цөөн жижиг улс Парагвай гэсгээд Тайванийг туурга тусгаар улс хэмээн үздэг юм. Дэлхийн дийлэнх олонх улс Бээжинг Хятадын нийслэл гэж үздэг. Эдний тал орчим нь Тайбэйтэй албан бусаар харилцаатай байдаг. Литва улс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Вильнюстээ Тайванийн төлөөлөгчийн газрыг нээж дэлхийн нүдийг бүлтийлгэв. Балти орчмын энэ улс “Нэг Хятад” бодлогыг дэмждэг мөртлөө Евразийн нөгөө бөөрөнд байгаа хүчирхэг гүрний дургүйг яагаад хүргэхээр шийдсэнийг тааварлахад төвөгтэй. Эцэст нь, БНХАУ элчин сайдаа Вильнюсээс эгүүлэн татаж, ийм алхам хийхийг Литвад санал болгов. Литватай тогтоосон дипломат харилцаагаа хэргийг хамаарагчийн түвшинд хүртэл доошлуулах шийдвэрийг БНХАУ-ын Засгийн газар арваннэгдүгээр сарын 21-нд гаргаж, Вильнюс дэх ЭСЯ-аа төлөөлөгчийн газар болгож статусыг нь өөрчилж буйгаа тав хоногийн дараа нот бичиг илгээж мэдэгдсэн юм. Ойлгомжтой шалтгаанаар Бээжингийн учруулсан асуудалтай Вильнюс нүүр тулгармагц Европын Холбооноос тусламж, эв санааны нэгдэл хүсэв. Гэвч Герман, Франц, Итали гэх хуучин ертөнцийн хашрууд болон шинэ тутам Чех, Унгар, Польш гээд Бээжинтэй худалдаа, эдийн засгийн сайн харилцаатай бараг бүх улс хохирол хүлээхийг ер хүссэнгүй.
Гэлээ ч үйл явдал өрнөсөөр байлаа. Долдугаар сард Тайванийн парламентын спикерийн тэргүүлсэн төлөөлөгчид Литвад айлчилж, Литвийн парламентын тэргүүнийг аралдаа хариу айлчлал хийхийг урив. “Арслангийн сахлаар оролдох” мэт үйлдлүүд Тайванийг Хятадын нэг хэсэг гэж үздэг олон улсын эрх зүйд ямар ч нөлөө үзүүлэхгүй бөгөөд арлыг эх газарт нэгтгэх нь ердөө цаг хугацааны л асуудал болж үлдсэн юм. Литва улсыг Вашингтоны зааваргүйгээр ийм эрс үйлдэл хийсэнд итгэхэд бэрх. Литвийн Сеймийн дарга Виктор Чмилите-Нильсэн Тайваньд айлчлахаас түдгэлзэж буйгаа наймдугаар сарын 1-нд мэдэгдсэн нь үүнийг дам нотолж байгаа юм. Тэгснээ АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Тайваньд очмогц ердөө маргааш нь энэ шийдвэрээ өөрчилж Нэнси Пелосигийн үйлдлийг давтах боломжтойгоо Литвийн парламентын удирдагч уламжлав. ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Анналена Бербок “Олон улсын эрх зөрчих, их хөрш нь энэ эрхийг зөрчин жижиг рүүгээ довтлохыг бид хүлцэхгүй. Энэ нь Хятад улсад хамаарч байгаа юм” гэж наймдугаар сарын 2-ны тэр түүхт өдөр мэдэгдсэн нь бас нэг том санал зөрөлдөөн болж харагдлаа.
Өндөр албаны хүмүүст ухаж төнхсөн асуулт тавихыг зохимжгүй гэж үздэг ч ХБНГУ Өрнөдийн бусад орны адил “Нэг Хятад” бодлогыг дэмждэг байж ямар “хөрш”-ийн тухай яриад байна вэ? Гол нь энд юуных нь олон улсын эрх байдаг билээ?
Өрнөдөд хоёрдмол стандарт биш бүр наад захын хэсэгчлэн хуваах үзэл идээшсэнийг эрээлж цээрлэлгүйгээр хэлээд өгөх олны танил хүн тэгтэл гараад ирдэг байгаа. Тэр нь домогт Pink Floyd хамтлагийг үндэслэгчдээс үлдэж хоцорсон Рожер Уотерс. Тэрбээр СNN-ийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа “Хятад одоо Тайванийг бүслэх гээд завгүй” гэж сурвалжлагчийг хэлэхэд “Тайвань чинь Хятадын нэг хэсэг, тийм болохоор өөрийн газар нутгийг бүсэлнэ гэж байж болохгүй. Нэнси Пелосигийн айлчлал, Америкийн нисэх онгоц тээвэрлэгч хөлгүүд, хүчин чадал, шийдмэг байдлаа харуулах гэсэн аливаа үйлдэл хямралыг шийдвэрлэхэд туслахгүй, харин ч түүнийг өдөөнө” гэсэн хариулт өгөв.
Тайвань бол Хятадын ганц “эмзэг газар” нь биш. Эсэргүүцлийн хөдөлгөөн 2019-2020 онд үргэлжилсэн Хонконг гэж бий. Түүнээс гадна Төвөд, Өвөр Монгол, Шинжаан-Уйгурын автономит районд салан тусгаарлах хөдөлгөөнийг дэвэргэж, санхүүжүүлж байна. АНУ-ын эдийн засгийн гол өрсөлдөгч байнгын түгшүүртэй байдалд байж, тэнд Засгийн газрын бус байгууллагууд, сангууд бий болж байгаа. Вашингтонд “Төвөдийн төлөө” гэдэг ашгийн бус байгууллага ажиллаж, Нью-Йоркод Төвөдийн сан, “Эрх чөлөөт Төвөдийн төлөө оюутнууд” үйл ажиллагаа явуулж, Лондонд “Эрх чөлөөт Төвөд” бий болж, Энэтхэгийн Дарамсалад “Төвөдийн төв захиргаа” хэмээх Засгийн газар байгуулагдсан. Өвөр Монголд ч Монголын либерал холбоо, Өмнөд Монголын ардчилсан холбоо, Дотоод Монголын ардын нам зэрэг байгууллагууд ажиллаж байна. Америкчууд Хятадад салан тусгаарлах хөдөлгөөнийг хэрхэн зохион байгуулж, мөнгөөр угжиж байгааг тусгай зориулалтын албаны ахмад ажилтан Жеймс Моррисон, Вашингтон дахь Азийн судалгааны төвийн тэргүүний орлогч, улс төрийн шинжээч Кеннет Конбой нар “Төвөд дэх ТТГ-ын дайны нууц” номдоо дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. “Тэр цагийн олон баримт одоо нэгэнт ил болсон болохоор эднийг зэмлэхэд бэрх. “ТТГ-ын ажилтнуудад зохиолчдын дэлгэж буй мэдээ, баримтын хэмжээ, түүн дотор энэ бүхэнд XIV Далай лам оролцож байсан тухай зэрэг нь бөмбөг дэлбэрэх мэт сэтгэгдэл төрүүлнэ” гэж номын танилцуулгад өгүүлсэн байдаг.
...Сүүлийн үеийн мэдээгээр бол Нэнси Пелосигийн замаар Сенатын гишүүн Эд Маркийн тэргүүлсэн Америкийн Конгрессын төлөөлөгчид энэ даваа гарагт Тайваньд очжээ. Пелоси буцаад хоёр долоо ч хоноогүй байхад дараачийнх нь хүмүүс Тайваньд ирж байхыг бодоход энэ арлыг зорих америкчуудын цуваа урт байх бололтой.