Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг энэ оны хоёрдугаар сарын 25-наас мөрдөж эхэлсэн. Уг салбарт үйлчилгээ үзүүлэгчид өнгөрсөн зургадугаар сарын 26-наас ирэх сарын 26-ныг дуусталх хугацаанд Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх ёстойг санууллаа. Хэрэв уг үүргээ биелүүлэхгүй бол үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болох аж. Одоогоор албан ёсоор бүртгүүлсэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч байхгүй ч таван байгууллагаас хүсэлт ирүүлснийг нь хууль, журамд заасан шаардлагын дагуу хянаж буй гэнэ. Тэгвэл шинээр үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа эл чиглэлийн үйлчилгээ үзүүлэгчийн хувьд дээрх зохицуулалтад хамаарахгүй бөгөөд баримт бичгийг нь зургаан сарын дотор шалгаж, бүртгэх, эсэхийг шийдвэрлэх юм. Ташрамд дурдахад, дээрх хуулийг хэрэгжүүлэх чиглэлд бүртгэлийн болон үйл ажиллагааны, хяналт шалгалтын зэрэг холбогдох 10 гаруй харилцааг зохицуулсан журам боловсруулж, баталжээ.
Манай улсад албан бус тоогоор 20 гаруй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үйл ажиллагаа явуулж буйгаа зарласан аж. Тэдгээрийн өдрийн арилжааны хэмжээ, үйлчлүүлэгчдийн бүртгэл зэргээс харвал 8-10 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ.
Бэлтгэсэн Б.Сонор