“Оюутолгой”-н 66 хувийг эзэмшдэг “Turquoise hill resources” компанийн хувьцааны 49 орчим хувийг худалдаж авах санал тавьснаа “Rio tinto” групп яг тавын сарын өмнө мэдэгдсэн. Тодруулбал, нэгж хувьцааг нь 34 канад доллароор буюу нийт 2.7 орчим тэрбум ам.доллароор авах санал гаргасан билээ. Энэ нь Торонтогийн хөрөнгийн бирж дэх сүүлийн хаалтын ханшаас нь 32 хувиар өндөр дүн гэж байв. Тэгвэл “Turquoise hill resources”-ийн тусгай хороо дээрх саналыг хэлэлцэхээ зогсоож, татгалзсан тухайгаа цахим хуудсандаа мэдээллээ. Тэд “Rio tinto”-гийн тавьсан санал нь “Turquoise hill resources” компани, жижиг хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхлыг хангаагүй, үнэлгээ бага хэмээн үзжээ. Өчигдрийн байдлаар Торонтогийн хөрөнгийн биржид “Turquoise hill re¬sources”-ийн нэгж хувьцааны ханш 33.54 доллартой тэнцэж байлаа.
Сонирхуулахад, өдгөө “Rio tinto” групп нь “Turquoise hill resources”-ийн 51 орчим хувийг (102.1 сая ширхэг хувьцаа) эзэмшиж буй юм. Өөрөөр хэлбэл, хэрэв хувьцаа эзэмшигчид дээрх саналыг зөвшөөрсөн бол “Оюутолгой”-н 66 хувийг дээрх групп эзэмших байв. Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise hill resources” нь “Rio tinto”-гийн шууд бус эзэмшлийн компани юм. “Rio tinto” групп энэхүү түншлэлийн өмнөөс “Оюутолгой” төслийн менежментийг хариуцдаг билээ.