Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар соёлын биет бус өвийн наадмаа “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль болгон өргөтгөн зохион байгуулж эхэлжээ. Энэ жилийн наадам нийслэлийн төвөөс 40 км-ийн зайд орших Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар дахь “Сайханы саравч”-нд болох тухай бид өмнө нь мэдээлсэн. Наадмаар 21 аймаг, нийслэлийн шилдэг өвлөн уламжлагчдын зан үйлийн үзүүлбэр, язгуур урлагийн тоглолт, гар урлалын бүтээгдэхүүний танилцуулга, соёлын биет бус өвийг таниулан сурталчлах арга хэмжээ, төрөл бүрийн уралдаан, тэмцээн, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн, худалдаа болох юм. Мөн орон нутгийн онцлогийг харуулсан уламжлалт хоол хүнс, идээ ундааны фестиваль, шилдэг өвлөн уламжлагч болон нүүдэлчдийн хүүхдийн тоглолт зэрэг олон талт үйл ажиллагаатай. Жишээ нь, “Ардын язгуур урлаг” хэмээх өргөөнд саатвал халх, ойрад, үзэмчин, дарьганга уртын дуу, захчин, дөрвөд, хотон богино дуу, лимбэний битүү амьсгаа, эвэр бүрээ хөгжмийн уламжлалт урлаг, хүрээ дуу зэргээс заалгах боломжтой аж.
Зохион байгуулагчид энэхүү наадмыг үзэж сонирхох хүмүүст зориулж, нийтийн тээврийг шийдсэн байна. Тухайлбал, гэр бүл, найз нөхдөөрөө, хүүхэд багачуудаа дагуулан уг наадмыг зорих бол Офицеруудын ордны урд талын зогсоолоос Горхи, Тэрэлжийн зүг хөдлөх автобусанд сууж болох юм байна. Наадмын эхний өдөр буюу 12-нд 07.30-18.00 цагийн хооронд цаг тутамд автобус явуулах нь. Тэгвэл 13, 14-нд 30 минут тутамд автобус явуулахаар болжээ. Нийтийн унааны тасалбарын үнэ нь 2300 төгрөг. Харин наадмын үйл ажиллагааг бүхэлд нь үнэ төлбөргүй үзэж сонирхох боломжтой ажээ.