Францын мэргэжлийн шатрын “Филидор-Мулхаус” клубээс шатрын их мастер А.Энхтуулд тус улсын өмнөөс тоглох урилга ирүүлжээ. Олон жилийн түүхтэй, мэргэжлийн буюу өндөр зэрэглэлийн шатарчид харьяалагддаг тус клуб урилгаа саяхан болж өндөрлөсөн 44 дүгээр шатрын олимпиадын үеэр албан ёсоор илгээсэн байна. Их мастер хэрэв саналыг зөвшөөрвөл хамгийн түрүүнд ирэх аравдугаар сард Австри улсад болох “Европын цом”-ын багийн аварга шалгаруулах тэмцээнд Франц улсын нэрийн өмнөөс “Филидор-Мулхаус” клубийг төлөөлөн оролцох аж. Клубийнхэн урьсан шалтгаанаа тайлбарлахдаа их мастерын энэ онд гаргасан амжилтуудад үндэслэжээ. Үүнээс гадна Энэтхэг улсын Ченнай хотод өндөрлөсөн дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад нэгдүгээр ширээнд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөн, улмаар “Топ- 20”-д багтсан үзүүлэлтийг нь харгалзсан гэжээ. А.Энхтуул их мастераас энэхүү саналд ямар хариу өгөх гэж буй талаар асуухад “Одоогоор шийдээгүй байна” гэлээ.