Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил Монголбанк, арилжааны банкуудын эх үүсвэрээс нийт нэг их наяд төгрөгийн зээлийг 13.5 мянган өрхөд олгосон бол энэ оны 1-7 дугаар сард 4500 айлд 355 орчим тэрбум төгрөг зээлснийг Төвбанкнаас мэдээллээ. Түүнчлэн энэ сард 71.7 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөн ажиллаж буй гэнэ. Цар тахлын тухай хууль, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний дагуу Монголбанкнаас ипотекийн хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт шат дараатай шилжүүлэх бэлтгэлийг хангаж байгаа гэнэ. Улмаар 2021-2023 онд орон сууцын санжүүжилтэд хоёр их наяд төгрөг олгохоор төлөвлөснөөс одоогоор 1.3 их наядыг нь зарцуулаад буй аж. Цар тахлын тухай хуулийн дагуу ипотекийн хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны дөрөвдүгээр сараас 2022 оныг дуустал таван удаа хойшлуулсан. Тэгвэл сүүлийн буюу тав дахь удаагийн байдлаар 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлтэй 63 171 зээлдэгчийн хүсэлтийг биелүүлснийг Төвбанкны мэдээлэлд дурджээ.