Энэ оны гуравдугаар сарын 9-нд болсон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуульд Юн Сок Ёль сөрөг хүчний консерватив үзэлт “Иргэний хүч” намаас нэрээ дэвшүүлж, 48.56 хувийн санал авч ялалт байгуулсан билээ. Консерватив намаас түүний өмнө Пак Гын Хе 2013-2017 онд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.
Юн Сок Ёль 1960 онд Сөүл хотноо багш нарын гэр бүлд төржээ. 1983 онд Сөүлийн их сургуулийн эрх зүйн салбарын бакалавр, 1988 онд магистрын зэрэг хамгаалж, 1991 онд өмгөөлөгч болов. 1994 онд мэргэжил дээшлүүлж, прокуророор ажиллах болжээ. Тэрбээр 2002-2003 онд хуулийн фирмд хувийн ажил эрхэлснийг эс тооцвол 2009 он хүртэл найман ч газарт прокуророор ажилласан байна. 2007-2008, 2010-2012 онд Дээд прокурорын газар алба хашив. 2012-2013 онд олон түмний санаа бодлыг төөрөгдүүлсэн будилаанд Үндэсний тагнуулын алба оролцсон, эсэх хийгээд 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн явцад зарим байгууллага хөндлөнгөөс нөлөөлсөн, үгүйг шалгах тусгай бүлгийг Юн Сок Ёль толгойлж ажиллажээ. 2017 оны тавдугаар сард Сөүлийн төвийн дүүргийн прокурорын байгууллагыг удирдав. Тус улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ли Мен Бак (2020 онд 17 жил шоронд хоригдох ял авсан), Пак Гын Хе (2018 онд 25 жилийн ял авсан, эрүүл мэндийн шалтгаанаар 2021 онд цагаатгагдсан) нарыг авлигын хэрэгт буруутгасан шийдвэрийг түүнийг энэ албыг хашиж байх үед гаргасан юм. Түүнчлэн Үндэсний тагнуулын албыг удирдаж байсан хүмүүс болон үйлдвэрийн газруудад удирдах алба хашиж асан 100 гаруй хүний хэргийг шийдсэн аж. Юн Сок Ёль 2019 онд улсынхаа ерөнхий прокурор болж, 2021 оны гуравдугаар сард Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж, албанаасаа огцрох хүсэлтээ гаргах хүртэл ажиллахдаа Хууль зүйн сайд Чо Гукийн авлигын хэргийг мөрдөн шалгах ажлыг удирдав.
Юн Сок Ёль улс төрийн томоохон сөрөг хүчин болж байсан “Иргэний хүч” гэдэг консерватив намд 2021 онд элсжээ. Арваннэгдүгээр сард намын дотоодод болсон урьдчилсан санал хураалтаар 48 хувийн дэмжлэг хүлээв. 2022 оны гуравдугаар сард Ерөнхийлөгчийн сонгуульд гол өрсөлдөгч нь эрх баригч АН (Тобуро)-ын Ли Че Мён, Шударга ёсны намын Сим Сан Чон нар байлаа. Сонгуулийн өмнөх сүүлчийн санал асуулгаар Юн Сок Ёль 42.1 хувиар бусдаа хошуучлав. Тэгтэл Ардын намын Ань Чхоль нэрээ татаж, Юныг дэмжихийг уриаллаа.
Юн Сок Ёль сонгуулийн мөрийн хөтөлбөртөө иргэдээ чанартай орон сууцаар хангах, тоон засаглал бий болгох, боловсрол олж авах тэгш боломж бүрдүүлэх, “Ковид-19” цар тахлын уршгийг арилгахаар тусгасан байна. Тэрбээр Умард Солонгосын зүгээс цөмийн зэвсгээр заналхийлсэн тохиолдолд сэрэмжлүүлэх цохилт өгөх чадвартай байхын тулд АНУ-тай хэлхээ холбоогоо бэхжүүлэх, БНСУ-ын цэргийн хүчин чадлыг сайжруулахаар төлөвлөжээ. Үүний зэрэгцээ Умардтай энхийн хэлэлцээр байгуулж, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдэж байлаа. Түүний бодлоор Умард Солонгост тавих олон улсын хориг БНАСАУ цөмийн зэвсгээс татгалзах хүртэл хадгалагдаж байх ёстой аж. Юн бас Хятадтай харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байв. Түүнээс гадна Оросын Алс Дорнодод, юуны түрүүнд Владивостокт эдийн засгийн үйл ажиллагаагаа тэлэх, тэрчлэн Умард тэнгисийн замын нөөц боломжийг нэмэгдүүлэхийг сонирхож байлаа.
Гэргийг нь Ким Гон Хи гэдэг, бизнес эрхэлдэг. Энэ эмэгтэй 2007, 2013 онд хоёр ч их сургуульд багшаар ажиллахын тулд өөрийн тухай худал мэдээлэл өгч байж. Ингээд нөхрөө Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болоход нь уучлалт хүсэж, сонгуулийн өмнөх кампанит ажилд нь саад болж байснаа хүлээсэн аж. “Би ийм юм хийх ёсгүй байсан. Эргээд харахад тэвчишгүй алдаа гаргаснаа ойлгосон” гэж хэвлэлийн бага хурал дээр тэрбээр хэлж, ард түмнээсээ уучлалт хүссэн байдаг. Ким Гон Хи зарим тохиолдолд өөрийн гавьяаг хэтрүүлж, заримдаа ч ердөө л алдаа гаргаж байснаа хүлээн зөвшөөрөөд, Юн Сок Ёлийг Ерөнхийлөгчөөр сонгогдвол “гэргийн үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэнэ” хэмээн амласан байна. “Нөхрийг маань надаас болж шүүмжлэхэд сэтгэл зүрх минь урагдах шиг болдог” гэж тэр хэлсэн аж. Түүнд хандсан шүүмжлэл сонгуулийн өмнөх сүүлийн долоо хоногуудад Юн Сок Ёлийн нэр хүндийг нэлээд унагасан юм.
Юн Сок Ёль, Ким Гон Хи нар хүүхэдгүй. Тэд амьтан тэжээдэг, гэрт нь дөрвөн нохой, гурван муур байдаг. Юнаас өмнө Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчид дотор ийм олон амьтан тэжээдэг Төрийн тэргүүн байсангүй. “Тори” гэдэг нохойдоо зориулж Юн “Тористаграм” гэдэг инстаграм хуудас нээжээ.
Юн Сок Ёль Ерөнхийлөгч болоод албан ажлын байраа Хөх ордон (Чхонвадэ)-оос Йонсан хэмээх харш руу нүүлгэв. Ерөнхийлөгчийн Тамгын газар “Эзэнт улсын Ерөнхийлөгчийн засаглалын бэлгэ тэмдэг болж байсан Хөх ордон 74 жилийн дараа ард түмэнд буцаж очлоо” гэж мэдэгдэв. Ийнхүү энэ ордон олон түмний өмнө үүд хаалгаа нээлээ. Төрийн шинэ тэргүүн тавдугаар сарын 10-нд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш нэг сарын хугацаанд ордонд хөл тавьсан иргэдийн тоо 758.3 мянга хүрчээ. Түүнээс гадна Ерөнхийлөгчийн шинэ харш түүнийг олон түмэнтэй уулзах нэг гол байр болж байна. Юн Сок Ёль нэг сард 12 удаа сэтгүүлчдийн асуултад хариулж байх болжээ. Жилд хэдхэн удаа нүүр учирдаг байсан өмнөх Ерөнхийлөгч нараас огт өөр арга барилаар ажиллаж байна хэмээн өмнө нь Хөх ордонд ажиллаж байсан сэтгүүлчид мэдэгдэв. Юн Сок Ёль бас үдийн цайны цагаар, ажлын хийгээд амралтын өдрүүдэд Сөүлийн төвд байх үзэсгэлэн, зоогийн газруудаар орж, хот дундуур явж, иргэдтэй уулзаж байгаа аж. Тавдугаар сарын 18-нд Ерөнхийлөгчийн хүсэлтээр эрх баригч намын гишүүд Ардчилсан хөдөлгөөний 42 жилийн ойн арга хэмжээнд оролцсон нь “олон түмэндээ ойртох” бас нэг гол алхам болсон байна. Юн Сок Ёль албан ажилдаа ороод зургаа хонож байхдаа Үндэсний хурал дээр үг хэлж, 20 хоноод нэмэлт төсөл баталсан нь хүмүүст анзаарагдалгүй өнгөрсөнгүй. Өмнөд Солонгос, АНУ-ын удирдагчид дээд хэмжээний уулзалт хийв. Бусад Ерөнхийлөгчтэй харьцуулбал Юн Сок Ёль албаа хашсанаас хойш хамгийн богино хугацаанд (14 хоног) АНУ-ын Төрийн тэргүүнтэй уулзсан нь энэ.
“Ерөнхийлөгч асан Ли Мен Бакийг 20 гаруй жил шоронд хорих нь буруу гэж та нарт санагдахгүй байна уу” хэмээн Юн Сок Ёль зургадугаар сарын 9-нд мэдэгдэв. Ли Мен Бак авлигын хэргээр шоронд ороод 17 жил болж буй юм. Түүнийг наймдугаар сарын 15-нд Эрх чөлөөний өдрөөр өршөөлд хамрагдах нь гэх яриа чих дэлсэж байсны зэрэгцээ эрүүл мэндийн шалтгаанаар ялын хугацааг богиносгож өгөхийг 81 настай улстөрч өөрөө хүссэн тухай ч мэдээлж байсан. Ташрамд өгүүлэхэд, 1980 оноос хойш тус улсын найман Ерөнхийлөгч солигдсоны дөрөв нь шоронд орж, нэг нь амиа хорлосон аж. Эднээс Ерөнхийлөгч асан Пак Чон Хигийн охин Пак Гын Хе нь энэ оны эцсээр суллагдана. Мэргэ төлөгт үндэслэн улс төрийн шийдвэр гаргадаг нь тодорхой болсноос таван жилийн өмнө түүнийг мөрдөн шалгаж эхэлсэн байдаг. Түүний эцэг, Солонгосын эдийн засгийн гайхамшгийг бий болгогч Пак Чон Хи нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ дуусгахаас өмнө буудан хороогдсон юм.
Өмнөд Солонгосын шинэ цагийн улс төрийн түүх хэд хэдэн дэглэм үзсэн. Хувьсгал юм уу, цэргийн эргэлт болж, засгийн эрх хэдэн арван жилээр барьж байсан удирдагчид нь хэдхэн өдрийн дотор төрийн жолоогоо алдсан тохиолдол ч бий. Өмнөд Солонгосын өөрчлөлт шинэчлэлийн “эцэг”-үүдийн нэг Ли Сын Ман 1960 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хийсэн булхай нь илэрсний улмаас цөлөгдсөн, Солонгосын эдийн засгийн гайхамшгийг бий болгосон Пак Чон Хи ойрын хамтран зүтгэгчийнхээ суманд өртөж амиа алдсан. Чон Ду Хван, Ро Дэ У нар бүрэн эрхээ гүйцэд эдэлсэн ч авлигын хэргээр ял сонссон. Ро Дэ У нь цаазын ял авсан ч сүүлд насаар нь хорих шийтгэлээр сольсон юм. Но Му Хён мөн л авлигын хэрэгт холбогдоод эцэст нь амиа егүүтгэсэн.
Сөүлийн Кунмин их сургуулийн профессор Андрей Ланьковын ярьснаас үзвэл ганцаар захирах тогтолцоотой байх үед Өмнөд Солонгост цэргийн эргэлт гарах нь байнгын явдал байжээ. Олныг хамарсан хувьсгалт хөдөлгөөн дэгдэж, ардчилсан өөрчлөлт хийхийг шаарддаг ч ихэнхдээ ганцаар захирах нэг дэглэмийг нөгөөгөөр сольж төгсдөг байв. Тухайн үеийн гурав дахь ертөнцийн бодлогод энэ нь ердийн үйл хэрэг байлаа. 1980-аад оны эцсээр Өмнөд Солонгост ардчиллын үйл явц эхлэв. Жагсаал цуглааныг хатуу ширүүнээр дарж, засгийн эрхийг булааж авсан гэж буруутгасан Чон Ду Хваны халааг түүний хамтран зүтгэгч Ро Дэ У нь авав. Тэгэхдээ тус улсын түүхэнд анх удаа ардчилсан сонгуулиар эрх мэдэл нэгээс нөгөөд шилжсэн юм. Харамсалтай нь, энэ хоёр улстөрч 1990-ээд оны эхээр хэрэгтний сандалд суусан.
Өмнөд Солонгосын улстөрчид хуулийн өмнө эмзэг байдаг нь хэд хэдэн шалтгаантай мэт. Барууны консерватив, зүүний үндсэрхэг гэсэн улс төрийн хоёр лагерь биенээсээ хонзон авдаг нь энэ улсын Ерөнхийлөгчид шоронгийн хаалга татдаг шалтгаан болдог гээд хэлчихэд хилсдэхгүй. Түүнчлэн эндхийн улстөрчид авлигын хэрэгт орооцолддог “уламжлалтай”.
Хөрөнгө хуримтлуулаагүй байж улс төртэй хутгалдах нь Өмнөд Солонгост осолтой бололтой. Парламентын депутат мөнгө бага зардаг гэдэг. Хэдий тийм боловч албан ёсоор авдаг мөнгөнөөс нь 3-4 дахин их хөрөнгө шаардагддаг гэж шинжээчид үздэг.