Бензиний үнэ нэмэгдсэнийг таксины жолооч нар эсэргүүцэж байна
АНУ-д энэ оны гуравдугаар сард инфляц 1981 оноос хойших дээд цэгтээ хүрч 8.5 хувь болсон. Эрчим хүчний эх үүсвэр, бензин, түрээсийн өртөг, хүнс гээд бүх юмны үнэ нэмэгдсэн. Бараа, бүтээгдэхүүний үнэ ийн “үсэрсэнд” Америкийн Ерөнхийлөгч Жо Байден Украин дахь үйл явдлыг, Оросын Төрийн тэргүүн Владимир Путинийг буруутгасан. Гэвч энэ хандлага түүнд төдийлөн тус болоогүйгээр барахгүй, өөрийнх нь рейтинг Америкийн түүхэнд хамгийн их унаж, одоо ч уг үзүүлэлт доошилсоор байна.
Бүтээгдэхүүний үнэ урьд өмнө байгаагүйгээр нэмэгдсэн нь цар тахлын уршигт үр дагавраас салж ядаж байсан Америкийн хэрэглэгчдэд хүчтэй цохилт болж, америкчууд гомдоллох болов. Майкл Жексон хит болсон “Thriller” (1982)-ээ гаргаж амжаагүй байхад Америкт инфляц сүүлчийн удаа их өндөр байсныг тус улсын хэвлэлүүд эргэн сануулж байна. Бензиний үнэ онцгой өсөж, нэг сарын дотор түлшнийх 18.3 хувиар нэмэгдсэн, энэ жилд багтаж уг дүн 48 хувь болохоор байгаа юм. “Үнэ өссөнөөс олон айлын амьдрал амаргүй болж байгааг би мэдэж байна. Бензиний үнэ “үсрэх” бүрт онцгой мэдрэгддэг гэр бүлд би өссөн юм. Шударга байцгаая, юмны үнэ одоо “Ковид-19”, Владимир Путин хоёроос болж нэмэгдээд байна” хэмээн Жо Байден хэлжээ. Америкийн эдийн засагт цар тахлын үзүүлж буй сөрөг нөлөөг тус улсын удирдлага тэргүүн зэргийн шалтгаан гэж үзэхгүй, Украинд дайн эхэлснээс хойш хоёр сарын дараагаас эхлэн Оросын Ерөнхийлөгчийн нэрийг үүнтэй холбож хэлэх болсон юм. “Үнэ өссөний 70 хувийн хариуцлага Путинд ногдоно” гэж Жо Байден хэлээд удаагүй байна. Цагаан ордонд “Путиний үнийн өсөлт” гэх нэр томьёо ч хэрэглэх болсон. Энэ нийлмэл үгийг Америкийн Ерөнхийлөгч, түүний доорх хүмүүс, хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки нь хүртэл олонтоо давтах болсон.
Украинд болж буй үйл явдал, түүнээс үүдэн Оросын эсрэг тавьсан хориг, хийн үнийг рублиэр төлөхийг Оросын эрх баригчид шаардсан зэрэг нь АНУ-д эрчим хүчний эх үүсвэрийн өртөг огцом өсөхөд мэдэгдэхүйц нөлөөсөн. Харин инфляц нэмэгдэхэд зөвхөн Украин дахь үйл явдал нөлөөлөөгүйг Байден тодруулсангүй.
Яг үнэндээ АНУ-д инфляц хийгээд бензин, эрчим хүчний эх үүсвэрийн үнэ хоёрдугаар сарын 24-нөөс нэлээд өмнө, дайнаас хавьгүй эрт нэмэгдэж эхэлсэн юм. 2021 оны нэгдүгээр сард Байденыг Ерөнхийлөгчийн тангаргаа өргөхөд хэрэглээний үнийн индекс 1.4 хувь байснаа дөрөвдүгээр сар болоход дөрөв болон нэмэгдэж, зургадугаар сард тав, арванхоёрдугаар сард долоон хувь болсон юм. Байдены засаглалын нэг ой буюу 2022 оны нэгдүгээр сард, дайн өрнөхөөс өмнө энэ үзүүлэлт 7.5 хувьд хүрсэн байсан. Гуравдугаар сар болоход хэрэглээний үнийн индекс 8.5 хувь болсон нь 40 жилийн хугацаан дахь дээд “амжилт” байлаа.
“Wall street journal”-ын сурвалжлагчид бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн шалтгааны талаарх Байдены дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, Украин дахь дайны оронд одоогийн засаг захиргааны, мөнгө, зээлийн сул бодлого, холбооны улсын хэт үрэлгэн зардлыг буруутгаж байв. Америкчуудын тэн хагасаас илүү нь инфляцад АН-ын, Ерөнхийлөгч Байдены бодлогыг буруутай гэж үзэж буй нь олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс тодорхой байна. Бензиний үнийн өсөлтийг зогсоох гэж оролдохдоо Америкийн Засгийн газар энэ зун 15 хувийн этанолын (Е15) агууламжтай “бохир” хямд бензин худалдахыг зөвшөөрсөн байна. Дулааны улиралд агаар хэт бохирдохоос сэргийлж ийм бензин зарахыг уг нь хориглодог аж.
Түүгээр ч зогсохгүй Байдены засаг захиргаа холбооны улсынхаа газар нутаг дээр нефть, хийн цооног өрөмдөхийг зөвшөөрсөн нь цаг уурын өөрчлөлттэй тэмцэхээр сонгуулийн өмнө өгсөн амлалтаа зөрчсөн явдал байлаа. Конгрессын хоёр танхимд олонх байгаа хэрнээ түүний засаг захиргаа энэ чиглэлд олигтой ахиц гаргаж чадахгүй байгаа юм. АН-ыг дэмжиж ирсэн уламжлалтай “New York times” сонин зэрэг хэвлэл цаг уурын өөрчлөлттэй тэмцэх талаар хэтэрхий ихийг амлаж, тун бага юм хийсэн гэж шүүмжилдэг. Түлш, эрчим хүчний үнэ нэмэгдсээр байгаа нь америкчуудын хувьд гол бэрхшээл бас биш, 2009 оноос хойш цалингийн доод хэмжээ өөрчлөгдөөгүй байна. Цалин нэг цагт 7.25 ам.доллар байгаа юм. Хууль, эрх зүйн түвшинд энэ дүнг 15 ам.долларт хүргэчихэж ардчилагчид чадахгүй хэвээр. Жирийн иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх, нийгмийн үр өгөөжтэй арга хэмжээнүүд авах, эрчим хүчний хувьд илүү экологийн эх үүсвэрт шилжих алхмуудыг Байден хийж чадаагүй л байна. Үүнд эхлээд 3.5 их наяд ам.доллар зарцуулахаар төлөвлөж байв. Төлөөлөгчдийн танхим 2.2 их наяд гэсэн нэлээд “даруухан” зардал гаргахаар хуулийн төсөлд тусгасан байтал Ерөнхийлөгчийн нэг намын, Сенатын гишүүн Жо Манчин ийм их зардал эдийн засагт хүнд тусна хэмээн болгоомжилж эсэргүүцэв. АНУ-ын өр одоо 30 их наяд ам.долларт хүрээд буй. АН Сенатад ердөө ганц суудлаар илүүрхэж байгаа учраас Жо Манчин энэ санаачилгыг дэмжихээс татгалзсан нь хориг тавьснаас ялгаагүй саад болж байгаа юм.
Ерөнхийлөгч болсоор Байдены олсон багахан амжилт түүний рейтингийг эрс доошлуулав. Одоо энэ үзүүлэлт 41 хувь орчимд хэлбэлзэж буй бөгөөд үүнээс ч доошлох магадлалтай. Дональд Трампын рейтинг 39.1 хувь хүртэл унаж байсан юм. Америкийн Төрийн тэргүүн хийгээд АН-ын нэр эдийн засгийн гүнзгий хямралтай холбогдох нь гарцаагүй хэмээн шинжээчид эртнээс ярих болсон бөгөөд Оросын эсрэг удаа дараа тавьж байгаа хориг үүнийг улам бүр ойртуулж буй хэмээн Оросын Гадаад хэргийн яамны Дипломатын академийн Олон улсын харилцаа, судалгааны төвийн эрхлэгч Вадим Козюлин тэмдэглэсэн байдаг. Түүний үзэж буйгаар Оросын эсрэг хоригоо хэвээр хадгалж, түүгээр ч барахгүй чангалж хямралаас зайлсхийх, арваннэгдүгээр сард болох Конгрессын сонгуульд ялахын тулд Байдены засаг захиргаа “хутганы ирэн дээгүүр явах” хэрэгтэй болов уу.
Боломжийг нэмэгдүүлэх цорын ганц арга нь улсынхаа эдийн засгийн байдлыг сайжруулж, бензиний үнийг хямдруулж, өөр ч ахиц дэвшилд хүрэх явдал юм. “Байден хэрэв Орост хоригоор дарамт шахалт үзүүлсээр байвал ахиц дэвшил гарах нь юу л бол. Өөр арга хэрэгсэл бий л дээ, харин тэдгээр нь сонгуулиас өмнө хүлээсэн үр дүнд хүргэх болов уу даа” Козюлин ийм байр суурьтай байна.
Завсрын сонгуульд ардчилагчдын үзүүлэх амжилт зөөлөн хэлэхэд тэгтлээ баярлуулахгүй төлөвтэй байгаа тухай сэтгүүлчид ч, АН-ынхан ч өөрсдөө нуухгүй хэлж байгаа. АН-аас Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр сонгогдсон хатагтай Александр Окасио-Кортес сонгогчдодоо хандаж мэдэгдэхдээ “Бид Конгрессын доод танхимыг алдаж магадгүй. Энэ бол наргиан биш” гэсэн байна.
Энэ бүхний зэрэгцээ Украиныг дэмжиж буй Байдены үйлдэл түүнд оноо авчрахаас илүү Оросын эсрэг тавьж байгаа хориг нь жирийн америк хүмүүсийн халаасыг тэмтэрч, Украинд зориулж их мөнгө цацсан нь айхавтар инфляцтай буй нөхцөлд ихээхэн төвөг учруулна. Лондоны Биркбекийн их сургуулийн профессор Роберт Сингх сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэлснээс үзвэл олон улсын байдал гэхээсээ Америкийн дотоод асуудал иргэдийг нь түгшээж буй аж. Чухам энэ дотоод байдал л завсрын сонгуульд Америкийн сонгогчдын сэтгэл санаанд юуны түрүүнд нөлөөлдөг. Ажил хэрэг бүтэл муутай байвал америкчууд бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа засаг захиргаагаа буруутгах нь илүү байдаг юм.
АН-аас сонгогдсон Конгрессын гишүүдээс 30 жилийн хугацаанд хамгийн олон хүн дахин өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлэхээс татгалзсан нь улс төрийн тус байгууллагад бас л нэг түгшүүрийн дохио гэлтэй. Удахгүй болох сонгуульд бүгд найрамдахчуудын идэвх, урам зориг ардчилагчдынхаас илүү байна. “АН-ынхан Байдены бодлогыг дэмжигч, шүүмжлэгч гэсэн хоёр хэсэгт хуваагдаад байна” гэж зарим шинжээч дүгнэжээ.
Сонгууль болтол хэдхэн сар үлдсэн. Энэ хугацаанд Жо Байден олигтой юм хийж чадахгүй гэж Сингх үзэж байна. Цаг уурын өөрчлөлт, сонгогчийн эрх, зэвсэглэлд хяналт тавих гэх мэт ардчилагчдын хувьд гол чухал асуудлаар Ерөнхийлөгч хууль батлуулж чадах, эсэх нь эргэлзээтэй. Сенат ер ийм алхам хийхгүй байж ч мэднэ. Өөр нэг чухал асуудал болох Мексиктэй залгаа хил дээрх дүрвэгчдийн талаар Жо Байден дорвитой юм хийсэнгүй. Улс төр судлаачийн бодлоор, БНН-аас нэр дэвшигчдийн дотор популист, Трампын талыг баримтлагчид түлхүү байвал сонгогчдыг “түлхэнэ” гэдэгт найдах л АН-ынханд үлдээд байна. 2010 онд нэр дэвшигчдээ сонгохдоо АН алдаа гаргаснаас бүгд найрамдахчууд Сенатад ялалт байгуулах боломж олдож байв.
Конгресст ардчилагчид тун багаар илүүрхдэг, Сенатын 100 суудлын 50 нь эднийх, Дэд Ерөнхийлөгч Камала Харрис Конгрессын дээд танхимыг толгойлж, үүгээрээ тооны хувьд давуу болж буй нь эгзэгтэй. Төлөөлөгчдийн танхимд АН 221, БНН 209 суудалтай байгаа. Бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгчийн нам завсрын сонгуульд бараг ямагт Төлөөлөгчдийн танхим дахь суудлаа алдсаар ирж, дэлхийн II дайнаас хойш завсрын сонгуульд ихэнхдээ ийм үр дүн үзүүлсэн байдаг. Хоёр танхимын аль нэгэнд юм уу, цаашлаад хоёуланд нь бүгд найрамдахчууд олонх болчихвол АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч амлалтаа хэрэгжүүлэх боломж улам багасна. Энэ нь Жо Байдены одоогийн бүрэн эрхийн сүүлчийн хагасын ирээдүйг үлэмж бүдгэрүүлж, улиран сонгогдох найдварыг нь үгүй хийх талтай. Ингэснээр Зууван танхимд эргэж ирэх Дональд Трампын боломж нэмэгдэнэ.