Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар холбогдох албаны хүмүүсийн хамт Эгийн голын УЦС-ын төслийн талбайд өчигдөр ажиллалаа. 2016 оноос БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр уг төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн ч ОХУ НҮБ-ын ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд гомдол гаргаснаар ажил саатсан юм. Өнгөрсөн хугацаанд “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХК, ШУА-тай хамтран судалгаа хийжээ. Үүгээр эл төсөл нь ОХУ-ын Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын усны нөөц горимд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Мөн манай улс олон улсын тендер зарлаж, Франц улсын компаниар биологийн нөлөөллийн судалгаа хийлгэж буй. Эдгээр судалгааны дүнг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны хуралд танилцуулан, улмаар шийдвэр гарвал уг төслийг үргэлжлүүлэх боломж бүрдэх юм. Засгийн газар энэ чиглэлээр ажиллаж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов. Мөн тэрбээр “Эрчим хүчний сэргэлтийн бодлогын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний хоёр төсөл хэрэгжүүлэхээр зорьж байгаагийн нэг нь 315 МВт-ын Эгийн голын УЦС. Олон улсын компаниар хийлгэж буй байгаль орчны нөлөөллийн судалгааны гүйцэтгэл 85 хувьтай байна. Маргааш (өнөөдөр) НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриштэй уулзах үеэрээ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд нааштай шийдвэр гаргуулах талаар ярилцана. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзахад тус улсын Засгийн газрын зүгээс “Эгийн голын усан цахилгаан станц төсөл”-ийг хэрэгжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн” гэв. Мөн сайд Н.Тавинбэх олон улсын компаниар хийлгэж буй “Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөллийн судалгаа”-г ирэх аравдугаар сард хийж дуусахыг тодотголоо.
Бэлтгэсэн У.Наран