Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргыг эх орондоо айлчлахыг урьсан билээ. Үүний дагуу НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш энэ сарын 8-11-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалтай холбогдуулан Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд захидал ирүүлжээ. НҮБ дахь Монгол Улсын идэвхтэй оролцоо, хувь нэмэрт талархаж байгаагаа тэрбээр уг захидалд илэрхийлсэн байна. Мөн НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд үг хэлэхдээ дэвшүүлсэн Ерөнхийлөгчийн санаачилгуудыг сайшаан хүлээн авч буйгаа онцолж, айлчлалын үеэр тэдгээрийн талаар үргэлжлүүлэн ярилцана хэмээлээ. Түүнчлэн Монгол Улс олон улсын тавцанд манлайлал үзүүлэн, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг санаачлан байгуулсан явдал, эдгээр улсын өмнө тулгарч байгаа сорилтуудыг онцлохоо тэмдэглэжээ. Үүнээс гадна НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын оролцоо, “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах болон бусад олон чухал асуудлаар тогтон ярилцаж, санал солилцоно гэв. Тодруулбал, Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлал нь Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа зарласны 30, энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойд зориулагдаж буй.
Бэлтгэсэн У.Наран