Соёлын биет бус өвийн “Нүүдэлчин Монгол-2022” наадам энэ сарын 12-14-нд Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт болно. Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хамтран зохион байгуулах уг наадамд соёлын биет бус өвийн долоон айн 362 төрлийн талаар танилцуулах юм байна. Мөн бүх аймаг болон нийслэлийн шилдэг өвлөн уламжлагч нарын зан үйлийн үзүүлбэр, язгуур урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэн, соёлын биет бус өвийг таниулан сурталчлах арга хэмжээ, уралдаан, тэмцээн болох нь. Түүнчлэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд бий болгосон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, орон нутгийн онцлогийг харуулсан уламжлалт хоол хүнс, идээ ундаа ч арвин байх аж.
Монгол Улсаас энэ оны байдлаар ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад нийт найман өв бүртгүүлээд буй юм. Үүнд морин хуур хөгжмийн уламжлалт урлаг (2008), уртын дуу (2008), наадам (2010), хөөмийн урлаг (2010), шувуулахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл (24 улстай хамтран бүртгүүлсэн, 2010), монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл (2013), шагайн харваа (2014), хөхүүрийн айраг исгэх зан үйл (2019) багтаж байна. Түүнчлэн ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад нийт долоон төрөл зүйлийг бүртгэжээ. Монгол тууль (2009), бий биелгээ, уламжлалт бүжгийн урлаг (2009), цуур хөгжмийн уламжлалт урлаг (2009), монгол лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил, битүү амьсгаа (2011), уран бичлэг (2013), ингэнд ботго авхуулах зан үйл (2015), уул овоо тахих зан үйл (2017) үүнд багтаж буй юм.