Олон улсын “Teach for all” хөтөлбөрийг энэ жил манайд анх удаа хэрэгжүүлж, залуу багш нарыг аймаг, сумуудад хоёр жил томилон ажиллуулахаар болсон юм. Үүний хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам, МУБИС, “Teach for Mongo¬lia” байгууллагынхан хамтран орон нутагт ажиллах хүсэлтэй 26 залуу багшийг сонгон шалгаруулж, зуны сургалтад хамрууллаа. Тэд уржигдар сургалтаа дүүргэж, сертификатаа авчээ. Англи хэл, монгол хэл, математик, газар зүй, биологи, нийгмийн ухаан, биеийн тамир, мэдээлэл зүйн багш нарыг уг сургалтад хамруулж, багшлахуйн суурь ур чадвар, манлайлал, хувь хүний хөгжлийн хичээлүүд заасан аж.
Сургалтын хугацаанд залуу багш нарыг ажиллуулах сургуулиудын хүсэлтийг хүлээн авч, мөн шалгаруулалт явуулсны үндсэн дээр сонгосон байна. Ингэхдээ багш дутагдалтай, хөтөлбөрт хамрагдсан залуусыг байр, орон сууцаар хангах боломжтой, орон нутагтаа өөрчлөлт, шинэчлэл хийх тэмүүлэл, сонирхолтой байх гэсэн шаардлагыг сургуулиудад тавьжээ. Үүний үр дүнд залуус Хөвсгөл, Завхан, Архангай, Булган, Баянхонгор, Дархан-Уул, Өмнөговь, Сэлэнгэ зэрэг аймагт ирэх намраас эхлэн ажиллахаар болов. Залуус боловсролын тэгш бус байдлыг бууруулах, тухайн газартаа өөрчлөлт, шинэчлэл хийх зэрэг үүрэг хүлээх аж.
Ташрамд дурдахад, өдгөө 61 улсад хэрэгжүүлж буй “Teach for all” хөтөлбөр нь багш нарыг чадавхжуулах замаар алслагдсан бүс нутаг дахь хүүхдүүдийн боловсролын түвшнийг сайжруулж, улмаар тухайн орны хөгжлийг дэмжих зорилготой юм байна.