Хөтөлбөрийн зохицуулагч Н.Буянсайхан
Саяхны бороотой нэгэн өдөр “Зориг” санг зорьж очсон юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үүд хаалга нь, ажилтан, ажиллагсдынх нь зүрх сэтгэл ч үргэлж нээлттэй байгууллага гэдгээрээ олон нийтэд танигдсан тэднийх хуучин байрандаа үйл ажиллагаа явуулж байна. Сангийнхан дарга, “цэрэг”-гүй бүгд л хоёрдугаар давхартаа, нэг доор байрлан үйл ажиллагаа явуулдаг нь ч хэвээр аж. Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг С.Зориг агсан энх тунх байхдаа байрлаж асан ажлын өрөөний ширээ, сандал, номын шүүгээ зэргийг ч яг л хуучнаар нь хадгалдаг юм билээ. С.Зориг агсан найз нөхөдтэйгөө тоглодог байсан шатар нь ч өрөөстэй хэвээрээ.
Сангийн байрны босгоор хэд хэдэн гадаад залуустай урд, хойноо гишгэн алхаж орлоо. Залуус бидний зорьсон, тус сангийнхан байрладаг том өрөө рүү яваад орчихов.
Уг өрөөнд мөн хэсэг залуус байлаа. Хурлын ширээний хоёр талаар эгнэн суусан тэд залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, “Алхам” хэмээн нэрийдсэн сошиал компанит ажил өрнүүлэх багийнхан аж. Өмнө нь Австрали улсын Засгийн газраас санхүүжилт авч хэрэгжүүлсэн төсөл нь амжилттай болсон тул түүний үргэлжлэл болгон нөлөөллийн ажил дахин хийхээр болсон гэнэ.
Харин сангийнхан түрүүнд шатаар хамт өгсөн орж ирсэн гадаадын сургагч багш нартай бол “Монгол залуу эрдэмтэн” хэмээх сургалтын хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллаж байгаа юм байна. Сургагч багш нар тэнд байсан бас нэгэн бүлэг монгол залуустай хамтран номын хуулбарыг эмхэлж цэгцлэх ажилд ханцуй шамлаад орчихов. Хувилж бэлтгэсэн хуудаснуудыг ном болгон эвлүүлж байсан залуугаас уг ажлынх нь талаар лавлаж асуулаа. “Зориг” сангаас 11 дэх жилдээ “Монгол залуу эрдэмтэн” хэмээх сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж буй аж. Энэ нь гадаадын нэр хүндтэй их сургуулиудад суралцдаг, Монгол Улсын талаар болон монголчуудын тухай мэдэхийг хүсдэг гадаадын оюутнууд хамтарч дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад суралцах зорилготой хүүхдүүдэд долоо хоногийн хугацаатай, англи хэлээрх вакумжуулсан сургалт явуулдаг хөтөлбөр юм байна. Үүнд хамрагдахыг хүсэж материалаа ирүүлсэн, 10, 11 дүгээр ангийн 350 хүүхдээс 30-ийг энэ удаад шалгаруулжээ. Сургалтыг Тэрэлж дэх нэгэн хувийн сургуулийн байранд явуулахаар тогтсон аж. Гол нь хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд 11 дэх удаагийн эл цугларалтад АНУ, Англиас дөрвөн монгол, дөрвөн америк оюутан сургагч багш хичээл заахаар бэлтгэж буй аж. Эдгээрийг сонирхуулан бичдэг нь, “Зориг” сангаас хэрэгжүүлдэг энэ мэт хөтөлбөрүүдийг хариуцдаг зохицуулагчдын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй бүсгүй Н.Буянсайхан гэдгийг онцлох гэсэн юм. Тэрбээр тунчиг завгүй байхыг орсон цагаасаа ажигласан.
“Би ерөнхийдөө дадлагажигч маягаар ажиллаж, хамт олноосоо суралцаж буй юм. Өмнө нь “Байгаль орчны манлайлал”-аас авхуулаад нэг бус хөтөлбөрийн ард гарцгаасан. Одоо би бие дааж “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих” хөтөлбөр эхлүүлэхээр бэлтгэлээ базааж байна. Энэ сард хөтөлбөрөө бичиж дуусгаад, Хан-Уул дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан хэлтэст танилцуулах ёстой. Төсөөлөл, төлөвлөгөөгөө маш сайн бодсон. Ихэвчлэн гараар бичдэг байсан бол сүүлийн үед компьютер ашиглах гэж оролдож байгаа. Хуруунууд санаснаар хөдлөхгүй, удаан байна” гэж Н.Буянсайхан хэллээ. Тэрбээр хүчилж ярихаараа бага зэрэг гацаж, үгээ зөөдөг юм байна. Сандарвал нэлээд гацдаг гэж өөрөө хэлсэн.
Төрөх явцад хүндрэл үүссэнээс тэрбээр саажилттай болжээ. “Бие махбодод бага зэрэг өөрчлөлт гарсан болохоос бус, оюун ухаанд ямар ч сөрөг нөлөөгүй бэрхшээл хэмээн Н.Буянсайхан нэмж тайлбарлав. МУИС-ийг нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн тэрбээр “Зориг” санд ажилласнаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэрхэн хөгжих боломжтойг бусдад таниулан ойлгуулах зорилго тавьжээ. Түүнчлэн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих” хөтөлбөрийнхөө хүрээнд хүн бүр, гэрээс гарах боломжгүй иргэд ч ажил хийж чаддагийг харуулах, ийм арга зам, гарцыг бусдад зааж өгөхийг зорилгоо болгосон гэнэ.
“Би энэ шижигнэсэн залуусаас бүрдсэн хамт олны дунд чөлөөтэй сэтгэж, хэнээс ч хараат бусаар ажиллаж, хөдөлмөрлөж байна. Надад онцгой анхаарал, халамж хэрэггүй. Би бусадтай л адил хүн. Багаасаа бие дааж амьдрахыг хичээж ирсэн л дээ. Гэр бүлийнхэн туслах гэхэд нь дургүйцэж, “Би өөрөө чадна” гэж зүтгэдэг хүүхэд байлаа. Гэхдээ нас нэмж, ухаан суухын хэрээр бусдын дэмжлэгийг хааяа авах хэрэгтэйг ойлгодог болсон. Нөхөдтэйгөө нийгэмд тустай ажил хийхээр ярьж, зөвлөлдөж, шийдвэр гаргах явцад би чухал оролцоотой байгаагаа мэдрэх хамгийн гоё. Түүнээс биш сандал, ширээ таарахгүй байна, компьютерт бичиж болохгүй нь гэх зэргээр халамж нэхэх ёсгүй” хэмээн Н.Буянсайхан эрс хэлсэн юм. Тэрбээр МУИС-д суралцаж төгссөндөө баярладаг байна. “Тус сургуулийг нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн гэж хэлэхэд хүмүүсийн хандлага өөр болж, илүү өндрөөр үнэлдэг” гэж ярилаа. Түүнчлэн “Энд ажиллахад, хамт олныхоо дунд байхад өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж мэдэрдэггүй” хэмээсэн.
Нөхөд нь залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Алхам” хөтөлбөрийнхөө тухай зогсоо зайгүй ярьж, хэлэлцэх зуур “Зориг” сангийн хөтөлбөрийн зохицуулагч М.Төгсбуянтай цөөн хором ярилцлаа. Унгар улсад социологич мэргэжил эзэмшсэн тэрбээр эх орондоо ирээд удаагүй байхдаа энэ санг сонгон, ажиллаж эхэлжээ. “Залуус хүчээ нэгтгэснээр нийгэм, олон нийтэд эерэг мессеж хүргэж чадна. Ийм боломжийг “Зориг” сан” олгодогт баярладаг” гэж тэрбээр хэлсэн. “Зориг” сангийнхан өнөөг хүртэл хэдэн зуун, магадгүй мянга мянган төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, үр шимийг нь олон нийт, ялангуяа залууст хүргэн, тэр хэрээр нийгэмд ч ач холбогдлоо өгсөн биз ээ. Хөтөлбөрийн зохицуулагч М.Төгсбуянгаас “Зориг” сангийн түүх, үйл ажиллагааны талаар товчхон мэдээлэл авлаа. Тус санг 1998 онд шударга бус явдал, авлига зэрэг нийгмийн хөгжилд саад болсон бусармаг үзэгдлүүдтэй тэмцэх зорилгоор байгуулжээ. Үйл ажиллагаагаа 24 дэх жилдээ тогтвортой явуулж байна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд боловсролын болон залуусыг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж, нэг онд 12-14 хөтөлбөр хэрэгжүүлдэг болжээ. Дунд сургуулийн сурагчдын боловсролд чиглэсэн, оюутнуудыг хамруулдаг тэтгэлэгт, ажлын талбарт дөнгөж гарсан залуу мэргэжилтнүүдэд зориулсан, бас мэргэжилдээ өсөж дэвжиж яваа ажилтнуудад хандсан хөтөлбөр ч бий аж. Урт хугацаанд буюу найман сарын турш үргэлжлүүлдэг хөтөлбөртөө 20-25 хүн хамруулахаар шалгаруулж авдаг байна. Залуус “Зориг” санг зорин ирж, хувь хүний хөгжлийн сургалтад суун, өөрсдийгөө хөгжүүлж, танилцаж дотносохоос гадна баг болж, гарааны санхүүжилт аван, нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн бичил төслүүдийг хэрэгжүүлдэг. Тэдгээрээс амжилттай болсон нь олон. Хог хаягдал дахин боловсруулах, зам, тээврийн осол, хүчирхийллийн эсрэг зэрэг олон төслийг нь энд дурдаж болох нь.
Хөгжийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэхэд чиглэсэн төсөл бол эднийхний үйл ажиллагааны байнгын чиглэл аж. Жишээлбэл, 2017 онд Австралиас 332 тэргэнцэр оруулж ирж Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд биеийнх нь өсөлтийг тооцоолж олгосон. 2018 онд Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрөөс нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх” төсөл хэрэгжүүлжээ. Үүгээрээ янз бүрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүхий л төрлийн сургалтад хамруулан хөгжүүлсэн байна. Түүнчлэн өнгөрсөн жил “Харааны бэрхшээлтэй иргэдийн англи хэл сурах орчныг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх” төсөл, энэ онд хөгжлийн хоцрогдлыг нөхөх “A Read” номын төсөл хэрэгжүүлжээ. Мөн аутизмтай хүүхдүүдэд зориулсан ном хэвлүүлж, түүнийгээ дижитал хэлбэрт шилжүүлэн, олон нийтэд түгээсэн аж. Үүнээс гадна “Зориг” сангийнхан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, тэдний төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай үргэлж хамтарч ажилладаг. Тэдний байр бүхий хашаанд Монголын дауны үндэсний холбоо үйл ажиллагаа явуулдаг байна.
Үндсэндээ тус сангийнхан бодлого, үйл ажиллагаагаараа бүх хүнд тэгш, хүртээмжтэй орчин бүрдүүлж чадсан санагдлаа. Эдүгээ энд амгалан тайван, хүссэнээрээ ажиллаж буй Н.Буянсайханы хөдөлмөрийн талбар дахь орон зай, байр суурь, чөлөөт сэтгэлгээ нь хөгжлийн бэрхшээлтэй бусад иргэнд маш сайн үлгэр дуурайл болох ажгуу. Хөтөлбөрийн зохицуулагч М.Төгсбуян ч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан үйл ажиллагаа хэрхэн явуулдаг тухайгаа ярьж, туршлага хуваалцах явцдаа Н.Буянсайхан найзынхаа өмнөөс яриаг нь засах, эсвэл хэлэх гэсэн санааг нь тайлбарлах гэж оролдоогүй. “Хамтран зүтгэгчээ ойлгодог, өөрөөрөө байх эрх чөлөөг олгож чаддаг удирдагч, манлайлагч ийм байдаг ажээ” гэж бодлоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтарч ажиллан, тэднийг дэмжих, хөгжүүлэх төрөл бүрийн үйл ажиллагаа явуулж дэмждэг ийм нэгэн хамт олны төлөөлөл манай уншигчдад хандаж “Манай байгууллага ийм үйлсийн эхлэлийг олон жилийн өмнө тавьсан. Хамтдаа бүх хүнд хүртээмжтэй, эрүүл орчинд аж төрцгөөе. Та бүхэн ч гэсэн нэгдээрэй” хэмээн уриаллаа.