Азийн хөгжлийн банкны Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд хэрэгжсэн Говь-Алтай аймгийн Алтай сумын нарны цахилгаан станцын өргөтгөлийг хүлээн авлаа. Бүтээн байгуулалтыг хүлээн авах ёслолд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай болон аймаг орон нутгийн удирдлагууд оролцлоо.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдолгүй үлдсэн Монгол Улсын хамгийн сүүлийн сум болох Говь-Алтай аймгийн Алтай сумыг нарны эрчим хүчээр 24 цагийн турш тасралтгүй хангахаар боллоо.
Мөн Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар БНХАУ-аас 35 кВ-ын 70.7 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, сумын төвийн 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах шугам сүлжээг шинэчлэх барилга угсралтын ажлуудыг эхлүүлжээ.