Азийн хөгжлийн банкны “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Говь-Алтай аймгийн Алтай сум дахь нарны цахилгаан станцын өргөтгөлийн ажлыг дуусгасныг Эрчим хүчний яамнаас өчигдөр мэдээллээ. Уг өргөтгөл нь 612 кВт-ын хүчин чадалтай бөгөөд үүнд 1.8 орчим сая ам.доллар зарцуулжээ. Төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй, Монгол Улсын хамгийн сүүлийн сум болох Алтайг цэнэг хураагуурын системийн сүүлийн үеийн дэвшилт технологид суурилсан, найдвартай эх үүсвэрийн цахилгаанаар 24 цагийн турш тасралтгүй хангах боломж ийнхүү бүрджээ. Түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөр 35 кВ-ын, 70.7 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугам болон дэд станц барих, сумын төвийн 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах шугам сүлжээг шинэчлэх барилга угсралтын ажлуудыг эхлүүлсэн байна.