Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймагт ажиллажээ. Тэрбээр аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон холбогдох хүмүүсийн хамт Бураатын давааны авто замын нөхцөл байдал, шинээр ашиглалтад орсон Шар нуурын авто замын хяналтын цэг, Өлгий нисэх буудал, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй Өлгий хотыг тойрон өнгөрөх авто зам, гүүрний бүтээн байгуулалт, гүйцэтгэлтэй танилцаж, үүрэг чиглэл өгсөн байна. Бураатын даваанаас Шар нуурын авто замын хяналтын цэг хүртэлх хатуу хучилттай авто замын чанарт онцгойлон анхаарч, үүссэн эвдрэлийг шуурхай засварлахыг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг болгосон аж.
Өлгий хотыг тойрон өнгөрөх 18.8 км авто замын ажлын гүйцэтгэгчээр гурван төрлийн багц гэрээний дагуу “Эйч Кэ Би и интернейшнл холдинг” болон “Хотгор зам” компани ажиллаж байгаа гэнэ. Л.Халтар сайд тус компанийн удирдлага, ажилчдад авто зам болон гүүрний барилгын ажлыг шуурхайлан дуусгахыг даалгажээ. Тус авто зам нь Ховд, Баян-Өлгий аймгаар дайран БНХАУ-ын Шинжаан, ОХУ-ын Сибирийн бүстэй холбох Азийн авто замын АН-4, CAREC-ийн корридор 4 “а” чиглэлийн нэг хэсэг гэдгээрээ чухал ач холбогдолтой юм.