Үндэсний музейгээс жуулчдад зориулсан “Жаргалтайн дэлгэр” үдшийн музейн хөтөлбөр толилуулж эхэлсэн. Сонирхсон үзэгчид лхагва, пүрэв, баасан, бямба, ням гарагт 18.00-21.00 цагийн хооронд үйлчлүүлэх боломжтой. Гадаа талбайд байршуулсан тайзнаа ардын урлагийн уран бүтээлчид хэрхэн дуулж, хуурдан, бүжиглэхийг сонирхсоны дараа музейн байнгын болон тусгай үзэсгэлэнг тайлбарлуулан үзнэ. Тасалбарын үнэд хөнгөн хоол, унд ч багтаажээ. Ардын урлагийн тоглолт нь ЮНЕСКО-д хүн төрөлхтний соёлын биет бус өвөөр бүртгэгдсэн уртын дуу, морин хуур, мөн яаралтай хамгаалах өв болох лимбэний битүү амьсгаа зэрэгт тулгуурласан үзүүлбэрүүдтэй бөгөөд 30 минутын цогц хөтөлбөр юм. Үүнийг монгол, англи хэлээр тайлбарлан хүргэнэ.
Тус музей үзмэрээр баялаг. Гадаадын жуулчид гэлтгүй монголчууд өөрсдөө олноор үзэж, эцэг өвгөдийнхөө туулсан замналын талаар дахин нэг эргэцүүлж, үе үе, зуун зуунд бүтээсэн эд өлгийн зүйлсийн талаар бүрэн мэдээлэл авах боломжтой. Монголын эзэнт гүрний үе буюу XIII, XIV зуунд төмрөөр гэр тэрэгнийхээ эд анги, тэр бүү хэл үйлийн хайчаа дархлаад хэрэглэчихдэг байсныг, ваар, шаазан савнуудыг төрөл бүрээр нь урладаг, ширмэн тогоог ч тун ончтой хэлбэр, хийцтэйгээр хийж, амьдрал, ахуйдаа ашигладаг байсныг нүдээр үзэхдээ та нэгийг бодож, хоёрыг тунгаах буй за. Өдгөө Дундад Азид элбэг, түүх, барилга архитектурын ховор дурсгалд тооцогдож, жил бүр жуулчдыг сая саяар нь татдаг Самарканд хотын дөрвөлжин хаалгатай, бөмбөгөр оройтой барилгуудыг монголчууд монгол гэрийнхээ хийцээс санаа авч урлан, суудаг байсан тухай мэдээлэлтэй танилцав. Түүх тийм атал өнөөгийн бид бөмбөгөр оройтой нь харийнх гэж тоомжиргүй ханддаг билээ. Чухамдаа бид хэн бэ, үүсэл гарваль, уг маань юу билээ гэдгээ төдийлөн мэддэг сэн бил үү. Үндэсний музейд саатаж, “Жаргалтайн дэлгэр” үдшийн музейн хөтөлбөрт нь хамрагдвал ихийг мэдэх боломжтой аж.