Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяны хүрээнд зам тээврийн ослоос иргэдийн амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын буруу дадлыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж тус аяны зорилгыг сурталчлан таниулах ажил хэрэгжиж байгаа.
Уг ажлын хүрээнд БЗД-ийн Иргэдийн ИТХ, ЗДТГ-ын Цэргийн штаб, Цагдаагийн газраас дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын дунд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяны тугийг аялуулж байгаа бөгөөд өчигдөр БЗД-ийн ЗДТГ-ын Цэргийн штабын дайчилгааны офицер дэд хурандаа Ш.Бат-Өлзий Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын албаны дарга хурандаа Л.Баярцогтод аяны тугийг гардуулан өглөө.
Энэхүү тугийг ЗХ-ний анги, байгууллага тус бүр гурван хоног аялуулах бөгөөд энэ хүрээнд эрүүл иргэн үндэсний баялаг, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой аялахыг уриалахын зэрэгцээ олон талт арга хэмжээг зохион байгуулах юм.
Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын албанд туг дамжуулсан БЗД-ийн Цэргийн штабын хувьд “Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газар” цахим хуудсанд замын хөдөлгөөний аюулаас урьдчилан сэргийлэх дүрс бичлэг болон зурагт хуудаснуудыг байршуулах, Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зурагт хуудсыг хэвлэж байгууллага иргэдэд ихээр үйлчилдэг газарт байршуулах, БЗД-ийн Засаг даргын Тамгын газрын үүдний лед дэлгэцээр богино хэмжээний дүрс бичлэгийг гаргаж иргэдэд түгээх, дүүргийн 43 хороодын засаг дарга, зохион байгуулагч нарт зурагт хуудаснуудыг тараан хороодын байруудад хэвлэн байршуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлжээ.