Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны Сургалтын нэгдсэн төвд Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Цэргийн ажиглагч офицер”-ын дамжаа хичээллэж байна. Энэ сарын 18-ны өдөр эхэлсэн тус дамжаа наймдугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлэх юм. Манай оронд 14 дэх удаагаа зохион байгуулагдаж буй энэ удаагийн дамжааг АНУ-ын Энхийг дэмжих санаачилгын хөтөлбөр “GPOI”-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Зэвсэгт хүчин бие даан явуулж буйгаараа онцлог юм.
Дамжаанд Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 15, цагдаагийн байгууллагаас 1, Индонез, Вьетнам, Балба, Филиппин зэрэг орноос 6 офицер суралцаж байгаа бөгөөд Зэвсэгт хүчнээс 12, “Дэлхийн энхийг санаачлах хөтөлбөр”-ийн 1 чиглүүлэгч багш хичээл зааж байна. Эдгээрийн 2 нь эмэгтэй сургагч багш, 4 эмэгтэй цэргийн алба хаагч /суралцагч/ байгаа нь энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчдын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын нэг хэлбэр юм.
Дамжаа онол, дадлага хосолсон хэлбэрээр 3 үе шаттайгаар явагдах ба сүүлийн шатанд буюу хээрийн дадлага ажиллагааны хүрээнд анх удаа агаарын эргүүл, усан эргүүлийг бодитоор зохион байгуулахаар бэлтгэлийг базаан ажиллаж байна. Монгол Улс тэр тусмаа Зэвсэгт хүчнийг гадаадын улс орнуудад сурталчлах, дадлага туршлага хуримтлуулах өндөр ач холбогдолтой энэ дамжааг эх орондоо бие даан явуулахын тулд олон улсын сургалтын төвүүдийн жишигт нийцүүлэн, тодорхой шаардлагуудыг хангаж, цаашид энэ төрлийн сургалтыг явуулах зөвшөөрөл буюу НҮБ-ын батламж авахаар зорьж буй юм. Тиймээс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын Нэгдсэн сургалтын албаны Цэргийн сургалт хариуцсан офицер хурандаа Александр Кавалканти Симон хүрэлцэн ирж энэ удаагийн сургалт дамжааг шалгаж үнэлэхээр ажиллаж байна.