Хичээл, сургууль ордог улиралд хүүхэд харах үйлчилгээ их чухал байдаг. Харин манай улсын боловсролын системд эл үйлчилгээ хараахан бэхжээгүй байна. Ямартай ч 2022-2023 оны хичээлийн шинэ жил удахгүй эхлэхтэй холбогдуулан Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтүүдийг авч эхэлжээ. Тодорхой хэлбэл, Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэд долдугаар сарын 28-наас наймдугаар сарын 10-ны өдрийг хүртэл харьяа дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүсэлтээ гаргах боломжтой.
“Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их хурлын 2022 оны 17 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 218 дугаар тогтоол батлагдсан. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газар 2022-2023 оны хичээлийн жилд 2-5 насны хүүхдийг цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд бүрэн хамруулахаар ажиллаж буй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж багатай дүүргүүдэд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах хүүхдийн тоог нэмж, хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
ХНХЯ-наас өгч буй мэдээллээр хагас жилд давхардсан тоогоор 518 Хүүхэд харах үйлчилгээний төв, 6094 хүүхэд, 442 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамрагдсан байна.
Зөвлөмж: Эцэг, эхүүд хүүхдээ өдөр өнжүүлэх, хүүхэд харах бусад үйлчилгээний газарт өгөхдөө Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, холбогдох журам, стандарттай танилцаарай.