Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилт” төслийн хүрээнд есөн аймагт шинэ цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөн, ажиллаж буй. Тэгвэл Дорноговь аймгийн төв Сайншандад хоногт 3000 шоо метр бохир ус хүлээн авах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж, Ар шанд, Өвөр шандыг холбосон 4.4 км урттай бохир усны төв магистраль шугам ашиглалтад оруулснаа Барилга, хот байгуулалтын яамнаас өчигдөр мэдээллээ. Үүнд 9.7 тэрбум төгрөг зарцуулжээ. Ингэснээр Сайншандад дэд бүтэц хөгжих, оршин суугчдын тав тухыг хангах, байгаль хамгааллыг сайжруулах, хөрсний бохирдлыг бууруулах нөхцөл бүрджээ. Дээрх төслийн гүйцэтгэгчээр “Комфорт импекс” компани ажилласан байна.
“Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилт” төслийн хүрээнд байгуулах цэвэрлэх байгууламжуудын технологийн шийдлийг монгол инженерүүд манай орны байгаль, цаг уурын онцлогт тохируулан боловсруулж, зураг төслийг нь гүйцэтгэж байгаа гэнэ. Тэдгээр нь механик, биологийн болон гүйцэд цэвэрлэгээний технологитой бөгөөд цэвэрлэсэн усыг нь зүлэгжүүлэлт, зам талбай, хөрсний усалгаанд ашиглахад зориулсан цооногтой аж. Мөн цэвэрлэгээний явцад үүссэн лагийг боловсруулан бордоо, түлш бэлтгэх тоног төхөөрөмжтэй жишиг байгууламж юм.