Архангай аймгийн Хотонт сумын төвд удахгүй бурхан багшийн дүр бүхий хөшөө сүндэрлэнэ. Засаг даргын Тамгын газраас нь зарласан тендерт шалгарсан “Боржин суварга” ХХК-ийнхан ажлаа ирэх сард эхлүүлэхээр зэхэж буй. Чулуун урлалд гаршсан тус байгууллагынхан ядах юмгүй яг л зургаар нь хийгээд өгнө. Кранаар өргөөд заасан газарт нь байрлуулна. Тус сумын дарга нар энэ ажилд орон нутгийн төсвөөс 80 сая төгрөг зарцуулж буй нь тендерийн нэгдсэн мэдээллийн талбарт дурайж байна. Бурхан багшийн хөшөөг захиалагч дарга нар улаан тууз хайчилж нээх үү, аль эсвэл хадаг самбай дэлгэн, сүсэлж мөргөж сүйд болох уу. Ингэхэд тус сумын удирдлагуудад бурхан багшийн хөшөөтэй болъё гэсэн санаа яагаад төрсөн юм бол. Сумд нь сүсэгтнүүд мөргөж, залбиран, сэтгэлээ ариусгах хийд, номын газар нэг ч гэсэн бий л байлтай.
Шаардлага гарсан үед хэнбугай ч маанийн ерөөл уншуулж, арц хүжийн үнэрт тайтгардаг нь хүн ёсны л хэрэг. Сумдаа ийм хөшөөг олон сая төгрөгөөр бүтээлгэснээр, иргэд нь сүсэлж мөргөснөөр аж амьдрал, ажил, бизнес нь хэрхэн сайжрах вэ. Эсвэл дарга нар ихэд сүсэг бишрэлтэй тул олон нийтийн нэрийг барьж өөрсдөдөө зориулан хөшөө босгох гэдэг юм болов уу.
“Боржин суварга” ХХК-ийнхан 2019 онд Ховд аймгийнхны захиалгаар 18 метрийн өндөртэй бурхан багш бүтээж өгчээ. Түүнийг нь захиалагчид аймгийн төвийнхөө Ганданпунцагчойлон хийдэд байршуулжээ. Тэр жил бурхан багш залснаар энэ онд улсын баяр наадмын бөхийн барилдааны түрүүг Ховдын хүү авлаа гэж эгээ хэлэхгүй байх. Хэрвээ тэгэх аваас залуу бөхийн хичээл зүтгэл, урам зориг талаар болох буй за.
Бурхан багшийн дүр бүхий хөшөө барих буухиа, уралдаанд Сүхбаатар аймаг дээгүүр байр эзлэв. Эднийх 80 жилийн ойдоо зориулж 12.2 метрийн өндөртэй бурхан багштай болсон. Ийм хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэн нь нийт нэг тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй гэнэ. Аймгийн удирдлагууд орон нутгийн төсвөөс нэг ч төгрөг гаргалгүй бүтээлгэсэн гэдгээ хэлсээр буй. Төсвийн хөрөнгө зарцуулаагүй гэдэг нь улиг болсон ийм хөшөө сүндэрлүүлсэн явдлыг эерүүлэх шалтгаан болохгүй.
Бас нэгэн бурхны асуудал байна. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг ирэх сарын 6, 7-нд Хүй долоон худагт зохион байгуулах шашин, соёлын “Даншиг наадам-Хүрээ цам 2022”-ын үеэр Очирваань бурхны дүрийг залж, тахих гэж буй тухай мэдээлсэн. Энэ нь Монгол орныг даасан бурхан, шүтээн аж. Нэгэн арга хэмжээний үеэр ямар нэгэн бурхны дүрийг залж, тахин, лам нар ном унших бол буддын шашны соёлт улс оронд байх зүйл биз ээ. Харин бурхдын дүрийг хөшөө болгон бүтээж, аймаг, сумдаа мөнхөд байршуулах нь орчин үеийн хүмүүсийн оюун санаа, сэтгэлгээ, хөгжилд нэмэр багатай.
Буддын шашинтай, бурхныг үнэн сэтгэлээсээ шүтдэг хүмүүс бол бурхан гээч нь сэтгэлд байдаг, тийм учраас сэтгэлдээ залбирч, сайн үйл бүтээж, хүн сайтай явах учиртайг ойлгодог. Энэ зарчмыг баримталдаг. Тиймээс үнэн сүсэгтнүүдийн хувьд аймаг, сумынх нь удирдлагууд бурхны дүртэй хөшөө бариулж босгосон ч, үгүй ч залбирсаар л байна. Шүтэх гэдэг бол үндсэндээ сэтгэлийн үйл билээ. Тэгээд ч монголчуудын олонх нь бурхны шашинд хүндэтгэлтэй ханддаг төдий. Байгаль дэлхийгээ дээдэлж, хувь заяагаа даатган алга хавсардаг. Ингэж санаа бодлоо цэгцэлж, төвшитгөдөг нь дийлэнх. Тийм болохоор сумдаа, аймагтаа заавал хөшөөтэй болъё гэж ард иргэд өргөх бичиг өгдөггүй нь лавтай. Энэ өнцгөөс авч үзэхэд аймаг, сумдаа хөшөө барих нь төсөв цавчих, мөнгө олох ашиг сонирхолтой дарга нарын арга л гэж харагдаж байна.
Үлгэр жаргах болоогүй. Бүр оргил үедээ ирэх гэж байна. Хэнтий аймгийн Бэрх тосгонд байгуулж буй далд уурхайн музейд Очирваань бурхан, түүний дагалдах бурхдыг бүтээж, залах ажлыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн хөрөнгөөр, 415 сая төгрөгөөр хийлгэх гэж байгаад болив бололтой. Олны шүүмжлэлийн мөрөөр тендерийг цуцалсан. Гэхдээ Бэрх тосгонд далд уурхайн музей байгуулах ажил 70 хувьтай байгаа гэсэн мэдээлэл бий. Ерөнхий сайд тэнд бурхан багшийн дүр залах санаагаа дахин сэргээж, далдуур гүйцэтгүүлэх үү, эс бөгөөс бүр орхих уу гэдэг нь өдгөө тодорхойгүй. Улсын Ерөнхий сайд, үндэсний хамгийн том үйлдвэрийн захирал хоёр төрийн мэдлийн үйлдвэрлэлийн орлого, ашигт хувийн өчүүхэн санаагаа шургуулах нь юутай уйтай.
Эсвэл аймаг, орон нутгийн удирдлагууд үнэхээр бурханд залбирдаг, ажил үйлсээ даатгаснаар сайн сайхан аж төрдөг гэж боддог, итгэж үнэмшдэг юм болов уу. Тийм бол гэртээ, эсвэл хаа сайгүй байгаа сүм, хийдэд, шаардлагатай бол ажлынхаа өрөөнд залбирч, зан үйлээ гүйцэтгэвэл яасан юм бэ. Яагаад сэтгэлийн гүний явдлаа бусдад тулгах ёстой гэж. Зүгээр л ажил үйлс, бүтээл туурвил, гэр бүл, ирээдүй гэсэн хүчин зүйлүүдээр зүг чигээ баримжаалан аж төрж, үр хүүхдээ өсгөн, өвгөд хөгшдөө асран амьдардаг нь олонх болсон энэ цаг үед шашин, сурталд бусдыг уриалах нь бурангуй явдал гэлтэй. Аймаг, сумуудын удирдлагууд орон нутагтаа хөшөө барих, эсэхээ иргэдээсээ асуудаг уу, саналыг нь авдаг уу. Эс бөгөөс иргэдийг төлөөлж суугаа хүмүүс байхад хангалттай гэж үзэн, тэднийг эрх мэдлээрээ далайлган зөвшөөрүүлээд болчихдог уу.
Сүүлийн жилүүдэд хаа сайгүй барьсан зохистой, зохисгүй хөшөөнүүдийн тухайд иргэд ямар санаа бодолтой байгаа талаар сонирхуулъя. Нийгмийн сүлжээнд “Үйлдвэр байгуулах мөнгөөрөө хөшөө барьдаг бидэн шиг тэнэг улс энэ хорвоод өөр байдаг болов уу”, “Хөшөө биш, үйлдвэр барь”, “Төр хэмнэлтийн бодлого хэмээн хоосон сүржигнэж, орон гаран явсаар өдий хүрэв. Үүнийхээ ч баталгаа болгож, Хэнтий аймгийн Бэрх тосгоны далд уурхайн музейд 415 сая төгрөгөөр бурхан бүтээж залахаар тендер зарлаад байна”. “400 сая биш юм гэхэд дөрвөн сая жуулчин авчиръя ч гэхэд хэцүү байна. Хөшөө биш, зам барья гэж Ерөнхий сайдад хэлээд өгөөч” гэх зэргээр бичсэн байв.
Ямар ч юманд утга учир, ач холбогдлын эрэмбэ, дараалал гэж байдаг. Тухайлбал, Бэрх тосгонд байгуулж буй гүний уурхайн музейд бурхан багшийн хөшөө ямар хэрэг болов. Эдгээрийн хооронд ямар учир, холбоос байна вэ. Зүтгэсээр байгаад тэр хөшөөг босголоо гэж бодоход хүмүүсийн анхаарлыг уурхайн музей, бурхан багшийн хөшөө татах уу гэдгийг бодож үзсэн үү. Бурхан багшийн хөшөө Хан-Уул дүүрэгт бий. Хэн тийшээ үргэлж очоод, залбирч мөргөөд байна вэ.
Хөшөө ямар хэрэгтэйг харуулдаг бүтээн байгуулалт манайд бий. Нэгэн жишээ нь, Цонжинболдог дахь Чингис хааны хөшөө юм. Үүнийг мэдэхгүй монгол хүн байхгүй. Мөн гадаадын жуулчдад заавал үзүүлдэг. Гадаадынхан манай орныг зүглэх болохоороо үзэж харах зүйлийн жагсаалтдаа багтаадаг объект болсон байна лээ. Энэ нь нэгдүгээрт, дэлхийг байлдан дагуулагч их хүн Чингис хаан гэдэг утгаар, хоёрдугаарт, энэ гараг дахь хамгийн том, өндөр нь гэдэг жингээр хол, ойрынхны сонирхлыг татдаг. Орлогын ч эх үүсвэр болдог. Үүн лүгээ адил ямар нэгэн онцлох сэдэв, агуулгаар хөшөө баривал өөр хэрэг. Гэтэл хаа сайгүй ижилхэн шахуу бурхан багш, эсвэл ямар нэгэн бурхан, үгүй бол суварга, морины дүрс босгох тусам хөшөө гэдэг зүйлийн үнэ цэн алдагдаж, овоолсон шавар л харагдах болно. Үүний нэг жишээ нь, олны дургүйцлийн дүнд буулгасан, бас л Ерөнхий сайдын оролцоотой “Андлалын” хэмээх хөшөө байлаа шүү дээ.
Хөшөө гэж юу вэ. Энэ нь улс орны соёлын ололтын нэгээхэн хэсэг байх ёстой аж. Ямар нэгэн чухал зүйл, үйл явдал, хүнийг мөнхжүүлэх зорилгоор байгуулсан баримал, эсвэл архитектурын бүтээн байгуулалт байдаг. Хүний цээж, мөр, эсвэл толгойг дүрсэлж болно. Ямар ч агуулгатай байсан, хэмжээ томтой байх тусам уран сайхны шийдэл сайтай, урлагийн бүтээл байх ёстой. Түүнээс биш дүр төрхийг зүглүүлээд, бүдүүн бааргаар босгож, түүнийг нь олон түмэн зүхэж байдаг эд биш аж.
Манай улсад одоогоор хөшөө барьж байгуулах бодлого болон тавигдах урлаг, уран сайхны шаардлага, стандарт ч гэж алга. Тэгэхээр хөшөө барих улайрал нь цаг үеийн ийм цоорхойг ашиглаж төсвийн болоод хандив, тусламжийн хөрөнгө нааш, цааш гүйлгэх хэрэгсэл төдий байх шив дээ.