ОХУ, Өрнөдийн харилцаа хурцадсантай холбоотойгоор Оросын байгалийн хийнээс хэт хамааралтай байдлыг багасгах боломжийг Европын Холбоо хайж гарлаа. Энэ оролдлогын нэг нь Оросын түүхий эдийг орлохуйц нөөцтэй Африкийн орнуудад Европын Холбооны эрчим хүчний төслүүд хөгжүүлэх явдал болж байна. Ийм боломж байж болох ч юуны урьд хар тивийн дотоод улс төрийн асуудлаас үүдэн түүнийг хэрэгжүүлэхэд тийм ч хялбар байхгүй л болов уу. Брюсселийн эл бодлыг ажил хэрэг болгоход нэлээд урт хугацаа шаардагдах магадлалтай. Иран мэтийн орнууд Өрнөдийн хоригт хүлээстэй, Норвег зэрэг уламжлалт томоохон нийлүүлэгчид үндсэндээ цэнхэр түлш үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжоо шавхчихсан. Брюссель нийлүүлэгчдийнхээ тоог өөр улсуудаар өргөтгөхийг оролдож байна. Гэтэл хийн үндсэн нөөц нь нэгэнт эзнээ олчихсон, Америкийн нийлүүлэх байгалийн шатсан хий нь хэрэгцээний ердөө 6.4 орчим хувийг л хангахаар байгаа. Харин Оросынх 40 хувийг нь хангаж байв.
Ийм нөхцөлд Брюссель хийн хэрэгцээгээ Африкийн нөөцөөр хангах боломжийг хайхаар шийдэв. Европын толгойлох улстөрчид ийм боломжийн тухай сүүлийн саруудад нэг бус удаа ярьж байгаа бөгөөд Германы канцлер Олаф Шольц тавдугаар сард Африк тивд айлчлахдаа хийн томоохон нөөцтэй орнуудаас дэмжлэг олохыг хичээсэн юм. Үнэндээ ч Африкийн 55 улсын тэн хагас нь нийтдээ 24 их наяд гаруй шоо метр хийн нөөцтэй бөгөөд үүний 16-17 их наяд шоо метрийг нь олборлочихоод байгаа юм. Оросоос Европ жилд дунджаар 150-155 тэрбум шоо метр хий авдгаар жишвэл дээр өгүүлсэн нөөцөөр үүнийг дор хаяж 150 жил орлуулж чадна. Африк үнэндээ хийн нөөц арвинтай. Мавритан, Сенегал, Гамби, Гвиней-Бисау, Гвиней тав л гэхэд барагцаалбал хоёр их наяд шоо метр гаруй хийн нөөцтэй гэж байгаа.
Ийм нөөц байхад Оросын хийн хамаарлаас Европ салахаас яалтай. Гэхдээ энд бодох юм бий. Британийн ВР компанийн шинжээчдийн урьдчилан тооцоолсноор (2021 онд) 2035 он гэхэд Африк тивийн олборлох хийн хэмжээ 80 хувиар (237.4 тэрбум шоо метр байснаа 427.32 тэрбум болох) нэмэгдэх ёстой бол 2050 онд 2.61 дахин буюу 14-22 тэрбум шоо метрээр нэмэгдэнэ. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлж байж Оросын хийгээс хамаарлаа багасгана гэж Брюссель тооцжээ. Африкийн орнуудаас Нигери 5.85 их наяд шоо метр хийгээр нэгт, Алжир 4.5 их наяд шоо метр хийгээр хоёрт, Сенегал 3.4 их наяд шоо метр хийгээр гуравт орж буй. Мозамбик (2.83 их наяд шоо метр) дөрөвт, Египет (2.19 их наяд шоо метр) тавд, Танзани (1.63 их наяд шоо метр) зургаад, Ливи (1.5 их наяд шоо метр) долоод, Гана (нэг их наяд орчим шоо метр) наймд явна. Цаашлаад Ангол (382 тэрбум шоо метр), Конго (286 тэрбум шоо метр), Эквадорын Гвиней (143 тэрбум шоо метр), Камерун (136 тэрбум шоо метр) дараалж байна. Эдний хийн нийт нөөц нь 947 тэрбум шоо метр юм.
Африкийн хийн түүхий эдийг олборлоход төвөгтэй хэд хэдэн хүчин зүйл байдаг. Хамгийн гол нь улс төрийн тогтворгүй байдал. 2013 онд Алжирын хий дахин боловсруулах Ин-Аменас цогцолборт болсон алан хядах ажиллагааг эргэн саная. Тэгэхэд хэдэн арван хүн амиа алдсаны дотор гадаадын мэргэжилтнүүд ч байсан. Бусад улсад нь ч эрүүгийн гэмт хэргийн хийгээд салан тусгаарлагч, лалын шашны бүлэглэлүүд үйл ажиллагаа явуулдаг, тэд гадаадын, түүний дотор эрчим хүчний компаниудад цохилт өгөх нь цөөнгүй. Түүгээр ч барахгүй Африкийн хийн томчуул дотор, тухайлбал, Нигери, Ливи, Камерун, Сенегал, Мозамбикт байлдаан болж байгаа. Ер нь энэ тивийн хийн нөөц ихтэй орнуудын ихэнхийнх нь тогтвортой байдлын түвшин үлэмж доогуур. Өрнөдийн шинжээчдийн үзэж буйгаар таван жил иргэний дайн дэгдэх магадлал дунджаар 25 хувь гэж үздэг юм. Эдгээр улс бүр колоничлолын үеийн түүхээс нь угшилтай үндэс угсаа, шашин шүтлэг, эдийн засгийн ихээхэн асуудалтай байдаг болохоор үүнд гайхах юм үгүй. Энэ бүхэн Европын хувийн компаниудын хөрөнгөө Африк руу оруулах сонирхлыг нь бууруулж байдаг. Нигериэс Сахель, Алжираар дамжуулан Европ руу хий нийлүүлэх Транссахарын хоолой барих төслийг Европ одоо эргэн санаж байна. Алан хядах ажиллагаа тэнд цадигаа алдсанаас уг төсөл хэрэгжээгүй юм. Транссахарын төслийн өртөг барагцаалбал 20 тэрбум ам.доллароос хол хэтэрч, түүнийг барьж байгуулах, ашиглалтад оруулах, хамгаалах зардал үлэмж нэмэгдэж, олборлож олох ашгаасаа давах янзтай байгаа. Арай илүү тогтвортой гэгдэж байсан Сенегалд сүүлийн жилүүдэд салан тусгаарлагчид хүчирхэгжсэн. Удтал үргэлжилж буй иргэний дайны уршгаар Ливид хоолойгоор хий гадагш гаргах ажил аюул заналд өртөөд байна.
Мозамбикийн зүүн хойд нутагт Орос үйл ажиллагааг нь хориглосон “Исламын улс”-ын дайчдын тэмцэл идэвхэжсэнээс хий олборлохыг 2021 онд түр зогсоосон бөгөөд Францын “Total” зэрэг компани ихээхэн хохирол хүлээсэн юм. Европын Холбооны Африкийн холбоотнууд нь энэ хохирлыг сааруулах чиглэлээр тусгай ажиллагаа явуулж байна. Хар тивийн аль ч орон “шатаж” болохыг харуулсан Мозамбикийн жишээгээр Африкийн хөрөнгө оруулалт эрсдэлтэй болох нь харагдаж буй юм. Байдал ийм төвөгтэй болсонд өрсөлдөгчөө эндээс хөөж, цаашдаа хийн үнийг өндөр байлгах сонирхолтой Катарыг Францын эх сурвалж хардаж байна. Катарын тусгай албад дэлхий дахинд исламын радикал үзлийг баримталсаар ирсэн болохоор энэ улсыг “шатаачихад” тэдэнд нэг их төвөгтэй биш. Европын Холбоотой тэрсэлдэж байдаг Турк улс ч ийм үйлдлийн эсрэг юу ч хийж чадахгүй юм. Тэгэхлээр бусад улсад хийн үйлдвэрлэл хөгжүүлэх гэсэн оролдлого нь тэдний эсэргүүцэлтэй тулгарна. Өрнөдийн хөрөнгө оруулалтад аюул учруулж байгаа нь ганц алан хядагчид биш, Африкт хааяагүй гарч байдаг бослого тэмцэл бас нэг нь юм. 2020-2022 онд л гэхэд энэ тивд дөрвөн удаа төрийн эргэлт гарч, олон тэрбумын хөрөнгө оруулалтад цохилт өгсөн байна. Гвинейн хунтын хурандаа Мамади Думбуя Симанду хэмээх асар их нөөцтэй төмрийн хүдрийн орд газар Өрнөдийн компаниуд үйл ажиллагаа явуулахыг хориглох шийдвэр 2022 оны гуравдугаар сарын 5-нд гаргаж, “Гвинейн эрх ашгийг хангах”-ыг шаарджээ.
Энэ бүхнээс гадна тухайн улс, орон нутгийн эрх баригчдын бий болгосон таатай бус нөхцөл байдал Өрнөдийн компаниуд ажиллахад саад учруулдаг. Үүнд жишээ болгож Алжир улсыг авч үзье. Тус улс хар тивийн олон оронд, түүний дотор Анголд ихээхэн нөлөөтэй байдаг юм. Урьд нь гадаадын бизнес эрхлэгчид нутаг дэвсгэрээс нь ашиг орлого олоход эдний эрх баригчид саад болдог, гол нь гадаадын компаниуд Алжирын компаниудтай хамтран ажиллахыг зөвшөөрдөг байв. Тэгэхдээ үнэн хэрэг дээрээ алжирчуудын хяналт дор байхын зэрэгцээ гадаадын хөрөнгийн хэмжээ 49 хувиас хэтрэхгүй байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, гадаадын компаниуд Алжирт оруулсан хөрөнгөө бүрэн захиран зарцуулж чаддаггүй. Үүнээс гадна бизнес төслөө ажил хэрэг болгоход эндхийн хүнд суртал саад болсоор ирсэн байдаг. Үр дүнд нь хийн дотоодын хэрэгцээ өсөөд байснаас түүний экспортыг тууштай нэмэгдүүлж чадаагүй. Африкийн хийн шинэ төслүүдийг хэрэгжүүлэхэд цаг хугацаа хийгээд дорвитой хөрөнгө оруулалт шаардлагатай байлаа. Хувийн компаниудаас орж ирэх хөрөнгө дээр өгүүлсэн эрсдэлээс үүдээд тийм ч их байгагүй болов уу. Олох орлого ч ийм л байсан байж таарна.
Африкт ажиллахад учрах эрсдэлийг багасгах Европын цорын ганц боломж нь төслүүдийн гаргах бүтээгдэхүүний нэр, төрлийг дээд зэргээр олшруулах явдал юм. Дээр нэрийг нь дурдсан Африкийн бараг бүх улсад хий олборлох, тээвэрлэх дэд бүтэц нэгэнт бий болчихсон, гагцхүү улам хөгжүүлэх л шаардлагатай байгаа. Өрнөдийн шинжээчдийн үзэж буйгаар ингэсний хүчинд дорвитой ахиц өөрчлөлт дөрвөн жилийн дараагаас бий болно.
Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын шинжээч, ОХУ-ын Засгийн газрын санхүүгийн шинжээч Игорь Юшков бичсэн тайлбар өгүүлэлдээ байгалийн шатсан хийн төсөл Африкт 2030 он гэхэд л бүрэн хүчин чадлаараа хэрэгжиж эхэлнэ гэсэн байна лээ. “Одоо хөрөнгө оруулах талаар дэлхий дахинаа гарч буй шийдвэрүүд шинэ олон олон завод байгуулахад зориулагдаж байна. Эдгээр завод барагцаалбал 2026-2030 онд ашиглалтад орно. Ямар ч байлаа гэсэн энэ нь Оросын эрх ашигт аюул учруулна. Гэхдээ байгалийн шатсан хийн төслөөр олж авсан хий Оросын хоолойгоор дамжуулдгаас үнэтэй байх бөгөөд түүнийг ашиглах зардал Европт өсөх төдийгүй Америк, Хятадын ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулбал өрсөлдөх чадвар нь муу байх болно. Энэ нь Европын Холбооны орнуудын иргэдэд хохиролтой. Ийм нөхцөлд Оросын түүхий эдээс Европ бүрэн татгалзаж чадах болов уу. Африкийн хий үнэтэйн зэрэгцээ баталгаа байхгүй гэж байгаа. Африкийн хийг ашиглаж, учрах аюулаас сэрэмжлэхийг Брюссель хичээж буй нь илт. Улс төрийн талаар санал эрс зөрүүтэй байдаг улсаасаа стратегийн түүхий эдээр хамааралтай байхыг Брюссель хүлээн зөвшөөрдөггүй нь Оросоос хийн хамаарлаа багасгах гол шалтгаан нь юм. Гэтэл Африкийн олон түнш тийм ч “дуулгавартай” байж өгөхгүй нь.